Лицензийг минь өгөхгүй бол би ч гэсэн “нинжа” болохоос өөр аргагүй

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Лицензийг минь өгөхгүй бол би ч гэсэн “нинжа” болохоос өөр аргагүй

Монгол Улсын тэргүүний уурхайчин, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны “Толгойтын гол” компанийн захирал, П.Баярбаатартай ярилцлаа.

-“Уул уурхайн салбараа аваръя” хө­дөлгөөнд танай компани нэг­дэж байгаа юм байна. Хэзээнээс үйл ажиллагаагаа зогсоосон бэ?

-Нөхцөл байдал маш хүнд байна. Энэ оны тавдугаар сарын 28-нд мэргэжлийн хяналтын групп ирж үйл ажиллагааг зогсоосон. Биднийг нөхөн сэргээлтийн ажлаа ид хийж байхад зогсоож, бүх техникийг лацадсан. Манайх арав гаруй ажилтантай. Тэр хүмүүсийнхээ цалинг яаж өгөхөө мэдэхгүй байна.

-Компаниудын үйл ажиллагааг зог­соо­могц “нинжа”-нууд дайрч орсон гэ­сэн мэдээлэл ир­­лээ. Тухайлбал та­най ком­панийн ли­цензит тал­байд “нин­жа” ор­сон уу?

-Зөндөө бий. Угаасаа уул уурхайн тосгон байсан учраас байхаас ч яах вэ. Ажилгүй бол амьдрах аргагүй учраас тэд ажил хийх гэж дайрч орж байгаа шүү дээ. Гэтэл “нинжа”-нуудыг өөрөөр дэмждэг том урсгал ч байна. Тэд тоног төхөөрөмжөөр хангаж дэмждэг. Дээр нь компаниудын үйл ажиллагааг зогсоосон нь тэднийг улам даврааж, замбараагүй явдлыг бий болгож байна.

-Танайх харуул хамгаалалттай юу?

-Жилийн дөрвөн улиралд харуул хамгаалалттай байдаг.

-“Урт нэртэй” хуулиас бол­лоо гэж та нар ярьж байгаа. Энэ хуулийн ямар зүйл, заалт амьдралд нийцэхгүй байна вэ. Тодорхой хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай байна уу, тэр чигээр нь хүчингүй болгох ёстой гэж үзэж байна уу?

-Би энэ хуулийг байгаль орчноо хамгаалахын төлөө санаачилсан хууль байжээ гэж боддог. Бид ч гэсэн байгальдаа хайртай. Ашигласан газраа нөхөн сэргээгээд хойч үедээ үлдээх ёстой. Тиймээс цаад утга агуулга нь зөв гэж боддог. Харамсалтай нь хуулийг хэрэгжүүлэхээс эхлээд л алдаа завхрал гарч байна. Хожим үүдэн гарах хор хохирол, ажилгүйчүүд нэмэгдэх, тэдний ар гэрийнхэн хүнд байдалд орох, бизнес эрхлэгчдийг хохироох, эрх чөлөөнд нь халдах зэргийг огт бодолгүй баталжээ.

-Нөхөн олговрын хэмжээг хэр­хэн тогтоох нь одоо хүртэл тодор­хойгүй байна. Тухайлбал танай ком­панийн хувьд ямар хэмжээний хохиролтой байгаа вэ?

-Өнгөрсөн жил судалгаа хийсэн. Энэ жил нэмж судалж байна. Өмнөх судалгааны байдлаар манай компани наанадаж 200 сая төгрөгийн нөхөн олговор авахаар байгаа. Гэхдээ нөхөн олговрыг тогтоож байгаа байдлыг харахад бидний хохирол үүгээр яасан ч барагдахгүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл улсад төлсөн  лицензийн, газар, усны төлбөр зэргээр л хохирлыг тооцож байна. Гэтэл бид банкны зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа. Уул уурхайн үнэтэй тоног төхөөрөмжүүдийг лизингээр авсан компани ч олон бий. Эдгээр компанид учруулсан хохирол, техникийн тэр их илүүдлийг яах вэ. Монгол Улс тийм баян биш. Ажилгүй болсон хүмүүс, тэдний ар гэрийнхнийг яах болж байна. Хүссэн хүсээгүй тэд “нинжа” болно. Би ч өөрөө “нинжа” болохоос аргагүйд хүрнэ. Өөрөөр яаж амьдрах вэ.

-Манай сонины сурвалжлах хэсэг саяхан Заамарт ажиллаад ирлээ. Нутгийн иргэдтэй уулзаж байхад хариуцлага хүлээдэг, нөхөн сэргээлт хийдэг компаниудын үйл ажиллагааг зогсоосноос болж “нинжа” ихэсч эмх замбараагүй байдал газар авлаа. Одоо хариуцлага хүлээдэггүй, нөхөн сэргээлт хийдэггүй хүмүүс байгаль орчинд дайсагнаж, үүнийг яаж ч зогсоох аргагүй боллоо гэцгээж байна. Тухайлбал танай компани нөхөн сэргээлтэд нийт зардлынхаа хэдэн хувийг зарцуулдаг вэ?

-Жил бүр нөхөн сэргээлт хийдэг. Энэ ажлын зардал нэгэнт бидний халааснаас гардаг учраас олборлолтын үйл ажиллагааны явцад нөхөн сэргээлтээ хийдэг. Ойролцоох ус, модондоо хүргэхгүйн тулд дотоод овоолго хийх журмаар нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэдэг. Энэ нь зардал багатай. Мөн жилийн жилд төлөвлөгөөний дагуу уурхай хаах үеэр тодорхой хэмжээний тэгшитгэл хийдэг. Ингэхэд шатахуун, цалин зэрэгт тийм ч өндөр зардал гаргаад байдаггүйгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл тусгайлан нөхөн сэргээлт хийх бус урсгал маягаар байнга хийдэг. Манай тэнд олон жилийн турш нөхөн сэргээлт хийж буй тарьцын байгууллага олонтой. Хувиараа хоршоолол, нөхөрлөлийн журмаар тарьц суулгадаг багууд ч бий. Тэдэнтэй гэрээ хийж тарьц суулгуулдаг. Цөөн хэдэн жилд тарьц ургадаг. Доод тал нь таван жилд байнгын харуул хамгаалалттайгаар нөхөн сэргээлт хийхэд мод бут ургаад боломжийн болчихдог.

-Танай компанийн лицензит талбайд гол усны эх, ойн сав газар бий юү?

-Бий. Гэхдээ үүнийг илүү нарийвчлан судлах ёстой байсан. Өнгөрсөн хавар ой, усны газрыг судалж байгаа хүмүүс өнгөц дүгнэлт хийлээ гэж би бодсон. Гол ус борооны улиралд ихэсдэг, намар татардаг гэх зэрэг янз бүр байдаг. Гэтэл ерөнхийдөө гол урсаагүй байсан ч энд голтой байсан газар учраас голын ай сав мөн гэсэн тэмдэглэгээ хийгээд явчихсан. Уг нь үүнийг маш нарийн судалж тогтоох учиртай. Жишээ нь саяхан Монголын томоохон эрдэмтэд, Ашигт малтмалын газар, Онги голыг хамгаалах хөдөлгөөнийхөн хамтран Онги голд судалгаа хийсэн байна. Үр дүнд нь 80 орчим хувь нь дэлхийн дулаарал, байгаль орчны нөлөөнөөс, ердөө 16.4 хувь нь л уул уурхайгаас болж  хатаж ширгэсэн гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл хүмүүс зөвхөн  уул уурхайгаас болж гол мөрөн үгүй болдог гэж ярьдаг. Түүнчлэн бүх лицензит талбайн хэмжээ нийт газар нутгийн 0.3 хувийг  эзэлдэг байтал Монгол Улсыг тэр чигт нь уул уурхайд ашиглаж байна гэж хэтрүүлсэн ойлголт өгдөг. Жишээ нь би  36.5 га талбайг тусгай зөв­шөөрлийн дагуу эзэмшдэг. Үүнээс дөнгөж найман га талбайд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Бусад нь нөөцгүй, ашиглагддаггүй. Нөөцтэй байсан ч голын голдирол дээр бид ажиллахгүй. Тэгэхээр 36 га-аас найман хувийг нь л ашиглаж байна гээд бодохоор дээрх 0.3 га гэдэг хэмжээ ч улам бага байх магадлалтай.

-Тухайлбал танайх үйл ажил­лагааны явцад гол мөрөн, бай­галийг хэр бохирдуулдаг вэ?

-Бохирдуулдаг ч гэсэн ёс журмаар нь ажиллавал гол ус дахин цэвэршдэг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд заавал эргэлтийн устай ажиллах ёстой. Голоос 30 хувийг нь сэлбэж байх ёстой. Манай нутагт хур бороо элбэгтэй. Бодит байдал дээр бид голоос ус авахгүй байсан ч болдог. Манай талбайн онцлог нь байнга усны илүүдэлтэй байдаг юм. Газар дээр нь очоод үзэж болно. Эхний хүрз шороог хутгахад л ус гардаг. Бид тэр тогтмол усаа 2-3 шүүхэд л дахин цэвэр болоод орж ирдэг.

-Сэлэнгэ аймгаас уул уурхайн олон компанийн удирдлагууд, ажилчид ирж энэ хөдөлгөөнд нэгдэж байгаа юм байна. Шаардлага хүргүүлсний үр дүнд ямар хариу ирэх бол?

-Ямар ч байсан бид амьдрал, ажлынхаа төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Тиймээс ч олон километр замыг туулж ирсэн. Хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдаг. Түүний нэгэн адил бид улсад татвар төлж, ажлын байр бий болгож, байгууллага толгойлж яваагийн хувьд эрх ашгаа хамгаалахын төлөө нэгдсэн. Бид хариуцлагатай, ухамсартай, соёлтой уул уурхайг хөгжүүлэхийн төлөө хичээж зүтгэж яваа. Энэ бүхнийг үнсэн товрого болгохыг зүгээр хараад сууж чадахгүй.
 
-Танай хөдөлгөөнд нэгдсэн зарим хүнтэй уулзахад “Бид хариуцлагатай ажиллая. Шинээр лиценз олгохгүй байх тухай хуулийг дэмжиж байна” гэж ярьж байсан. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Санал нэгдэнэ. Аливаа алдааг засахад оройтдоггүй.

-Ярилцсанд баярлалаа

Б.ЭНХЦЭЦЭГ

Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж