Яам, агентлагийн хүнд суртал ажил нурааж байгааг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Яам, агентлагийн хүнд суртал ажил нурааж байгааг шүүмжлэв

Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх  зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хуралдаан Төрийн ордонд өчигдөр боллоо. Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан тус хуралдаанд хувийн хэвшил, олон талт хамтын ажил­лагааны байгууллагуудын төлөө­­лөл оролцсон байна.
Тус хуралдаанаар төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх нь, Концессын хуулийн хэрэгжилтийг боловсронгуй болгох арга замууд, Хил дээрх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах нь зэрэг сэдвийг хөндөж санал солилцлоо.
Монгол Улсын Их хурал 2009 онд “Төр хувийн хэвшлийн түншлэл /ТХХТ/-ийн талаар төрөөс баримтлах бодлого”, мөн 2010 онд “Концессын тухай хууль”-ийг тус тус батлан гаргаснаар төр хувийн хэвшлийг хөгжүүлэх талаарх эрх зүйн орчныг бүрдүүлэх арга боломжийг өргөн хүрээнд болгожээ. Гэсэн хэдий ч ТХХТ-ийн талаарх ойлголт, мэдлэг хангалтгүй, зөрөөтэй байгаа гэнэ. Хувийн хэвшлийн хүрээнд хийгдсэн судалгаагаар нийт ажил олгогчид, мэргэжлийн холбоодын 98 хувь нь энэ талаар ямар ч ойлголтгүй байгаа гэсэн дүгнэлт гарсан нь энэ асуудлын талаар ойлголтыг йнэмэгдүүлэх шаардлагыг зөвлөлийн хурлаас гарах зөвлөмжид тусгах саналууд гарсан байна.
Оролцогчдын зүгээс уг зөвлөлдөх хуралдаанаас гаргах зөвлөмжийг Засгийн газрын шийдвэрт тусгах шаардлагатай байгааг сануулж, яамд агентлагийн хүнд суртал уг ажлыг унагаж байгаа талаар шүүмжилсэн байна.  Мөн энд яригдсан шүүмж, саналуудыг шийдвэрлэж, нэгдсэн санал дүгнэлттэй болох хэрэгтэй талаар хуралдаан удирдагч анхаарууллаа.
Хуралдаанаар тээвэр, хил гаалийн асуудал гол шүүмжийг өрнүүлэв. Тухайлбал Монголын үндэсний тээвэр зуучлагчдын холбооны гүйцэтгэх захирал Т.Занашир “Хил гааль, мэргэжлийн хяналтын үүргийг цогц байдлаар бүрэн биелүүлэх нөхцөл бүрдээгүй нь хяналтын ач холбогдлыг бууруулж, энэ байдлыг далимдуулсан авлига хээл хахууль, хууль бус худалдаа хийх боломжийг бүрдүүлж байгаа тул хил дээрх удирдлагын шинэ арга барилыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хорин жилийн өмнө бид хил дээр тээш ухдаг талаар шүүмжилж ярьдаг байсан. Гэтэл техник технологи хөгжсөн өнөө үед ачаа чингэлгийг ухаж төнхсөөр л байна” хэмээн шүүмжиллээ.
Ийнхүү зөвлөлдөөд ТХХТ-ыг хөгжүүлэхэд төрөөс, хувийн хэвшлээс, гадаадын хөрөнгө оруулагчдаас эхний ээлжид хийгдэх ажлын жагсаалтыг гаргасан байна. Үүнд, Төрийн зүгээс төрийн албан хаагчдын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүнд суртал, үл тоох байдал гаргадагтай нь холбоотойгоор яамд, агентлагийн үүрэгт нь ТХХТ-ын талаар тусгах, ТХХТ-ын талаар ил тод мэдээлэх, Хувийн хэвшлийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэх зэрэг зөвлөмжүүд гар­гасан байна. 

“Эргэн төлөгдөх нөхцөлтэй тул хувийн хэвшил хийх нь зөв”

-Замын-Үүд дээр ямар асууд­лууд байна вэ, хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар энэ удаагийн зөвлөгөөнөөр ямар санал, дүгнэлт гарч байна вэ?
-Монгол улсын гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувь Замын-Үүдийн боомт дээр явагдаж байгаа. Гэхдээ энд үүсээд буй асуудлууд зөвхөн хил гаальтай холбоотой биш. Хамгийн гол нь техник, төмөр зам, дамжуулан өнгөрүүлэх, ачих буулгах, хяналтын цэгүүдийг нэгтгэсэн нэгдсэн комплекс барьж байгуулах шаардлагатай гэдгийг хөндөж байгаа юм. Энэхүү ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр зохион байгуулах юм бол хамгийн үр ашигтай болно гэдгийг тооцоод байна.
Гэтэл Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам энэхүү асуудлыг зөвхөн төрийн байгууллага хийнэ гэсэн байр суурьтай байх шиг байна. Төрийн байгууллага хийнэ гэдэг гадаадын зээл тусламжийн хүрээнд хийгдэж байгаа тул эргээд энэхүү зээлийг төлөх хэрэгтэй болно. Иймд энэхүү ажлыг хувийн хэвшлийн байгууллагууд хийж байгуулаад, хувийн хэвшлийнхээ хөрөнгөөр төлөх нь зүйтэй баймаар.

-Зөвлөгөөн дээр байцаагч нарын ёс зүйгүй байдал газар авчихсан талаар шүүмж гарч байна. Ачаа эргэлтийн удаашралтай байдлаас болоод энэ асуудлууд гарч байна гэх юм?
-Энэ бол асуудлын нэг л хэсэг. Төмөр замын бараа эргэлтийн асуудал дээр хугацаа алдсан зүйл бий. Энэ нь барааны үнэ өсөх, барааны чанарт нөлөөлөх нөхцөл болдог.

-Цаг хугацаа алддаг гол шалтгаан нь юу вэ?
Ачааг дамжуулан ачихад цаг их алддаг. Энэ нь нарийн төмөр замын вагоноос өргөн төмөр замын вагонд ачааг шилжүүлэхэд голлон харагддаг. Үүнийг багасгах хэрэгтэй. Мөн Мэргэжлийн хяналтын хяналт, ачааны хяналт зэрэг нь хугацаа их шаарддаг. Тээвэр ложистикийн төв байгуулагдсанаар энэ асуудлууд эхнээсээ шийдэгдэх болно.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж