Увсын малчин суманд 31 см цас унажээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Увсын малчин суманд 31 см цас унажээ

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж буй хаврын өдрүүд эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар цас орж, хүйтэрснээр хаврын тэнгэр халтай гэгчээр “ааш”-аа харуулаад орхив. Энэ сард цаг агаар нийт нутгаар ямар байх талаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос тодрууллаа.

-Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар цас орлоо. Хөдөө орон нутгаар цасны зузаан ямар хэмжээнд байгаа вэ?
-Нийт нутгаар энэ сарын 23-25-ны өдрүүдэд 0-6 мм-ийн хур тунадас орсон байна. Тухайлбал, 23-нд Хөвсгөлийн хойд, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр 0.0-2.0мм, 24-нд Увс, Завханы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр 0.0-3.0 мм, 25-нд ихэнх нутгаар 0.0-6.0 мм, 26-нд Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар 0.0-4.0 мм, 27-нд Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговь, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор 0.0-3.0мм цас орсноос хамгийн их нь 25-нд Завханы Улиастайд 6.0 мм, Отгонд 5.0 мм, Сэлэнгийн Орхонтуулд 6.0 мм, Өвөрхангайн Арвайхээр, Хужиртад 3.0 мм, Улаанбаатар хот орчмоор 2.0 мм цас орсон  байна.  Өнөөдрийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх ажиглалтын мэдээгээр ихэнх нутгаар 0-32 см зузаан цастай байгаа. Үүнээс хамгийн их нь Завханы Баян-уул, Цагаанхайрханд 32 см, Тэсэд 23 см, Баянхайрхан, Тосонцэнгэлд 20.0 см, Увсын Малчин суманд 31 см, Хяргаст 29 см, Түргэн, Зүүнговь, Баруунтуруунд 20 см, Хөвсгөлийн Улаан-Уулд 21 см, Архангайн Хашаат, Өлзийтөд 20 см, Өвөрхангайн Бүрдэд 31 см, Баруунхайрханд 26 см, Бат-Өлзийд 24 см, Зүйлд 21 см, Булганы Бугатад 22 см, Сэлэнгийн Бугантад 29 см, Хүдэрт 18 см, Зэлтэр, Хушаатад 18 см, Дарханы Хонгорт 23 см, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 20 см, Улаанбаатар хот орчмоор 14 см, Тэрэлж орчмоор 21 см зузаан цастай гэсэн мэдээлэл байна.

 -Энэ сарын эхний долоо хоногт эрс хүйтэрнэ гэх мэдээлэл байна. Ойрын хугацаанд нийт нутгаар цаг агаар ямар байх вэ?
-Удаан хугацаагаар үргэлжлэн хүйтрэхгүй ч энэ сарын 2, 4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Ерөнхийдөө нийт нутгаар энэ сарын 3-наас эхлэн дулаарна. Энэ сарын 05-ны өдрийг хүртэлх байдлаар энэ сарын 1, 4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 1-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч явган шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Говийн  бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нийт нутгаар дулаарна.

-Энэ сард цаг агаар ямар байх бол?
-Энэ сарын хувьд баруун зүгийн нутгаар агaaрын дундаж температур нь нутгийн хойд хэсгээр 11-16, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн буюу Ховдын хойд, Говь-Алтайн баруун хойд, Баянхонгорын зүүн хойд хэсэг, Увс, Завханы ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин төвийн нутаг буюу Дархадын хотгороор 12-17, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байх ба Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн зүүн өмнөд хэсэг,  Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Зүүн зүгийн ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол говийн нутаг буюу Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар 5-10, бусад нутгаар 0-4 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

-Өнгөрсөн жилүүдийн гуравдугаар сарын цаг агаарын байдлын судалгаа байдаг уу?
-Гуравдугаар сарын агаарын темперaтурын дундаж нь 1979-2008 оны дунджаар авч үзвэл Увс, Зaвхaны хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 12-17, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 1-5, бусaд нутгaaр 6-11 градус хүйтэн бaйдaг боловч жил бүр харилцан адилгүй. Сүүлийн жилүүдэд aжиглaгдсaн сaлхины  хaмгийн их хурд 1987, 1991, 2000, 2002 онд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгаар 28-34 м/с, 2002 онд Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 40 м/с хүрч онц хүчтэй цасан ба шороон шуурга шуурч байсан тохиолдлууд бий.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж