
Төрийн ордон энэ өдөр улс төр ярьсан эрхмүүдийн биш урлагт хайртай олны хөлд дарагдав. Танхимын голоор орж ирэх зочид цагаан эсгий дээгүүр алхаж, дуучин Д.Болдын зурагтай дэлгэцийн өмнө зургаа татуулан, үзэгчийн суудалд тухлан сууцгаав. Язгуур урлагийг олонд түмэнд хүргэх хариуцлагатай хэрнээ азтай үүргийг хүлээсэн дуучны тоглолт товлосон цагтаа эхэлсэн юм. Төрийн түшээдээс эхлээд урлаг соёл, бизнес, боловсролын салбарт амжилтаараа онцгойрсон хүмүүсийг онцлон урьсан байсан. Тэд хөшиг нээх торгон агшныг тэсч ядан хүлээцгээж байсан нь танхимын уур амьсгалаас тод мэдрэгдэж байлаа.
Гэрэл унтарч “Тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Суудалдаа тухлан сууна уу” гэх хөтлөгчийн хүнгэнэсэн дуу цуурайтав. Үүгээр олны хүсэн хүлээсэн тоглолт эхэлж, дуучин Д.Болдыг тайзнаа Морин хуурын чуулга, рок попын шилдэг хөгжимчидтэй хамт халуун алга ташилтаар угтан авсан юм. Энэ тоглолтын хамгийн хүндтэй зочны нэг бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсныг онцлох нь зүйтэй байх. Тэрбээр хоёрдугаар давхрын хүндэт зочны суудалд тухлан дуучныг халуун дотно алга ташилтаар угтан авсан. Ер нь танхим дүүрэн олны танил, алдар нэрээ мандуулсан урлаг, соёл, спорт, улс төрийн зүтгэлтнүүд нэг дор хуран цугларсан нь тун ховор агшин байсан. Тайзнаа ҮДБЭЧ-ын бүжигчид гарч Д.Болдын дууны уянгат аялгуунд бүжсэн нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж байсан. Дуучин “Монгол поп” цомогт орсон бүх дуугаа дуулсан бөгөөд “Хайрын хүч”, “Чи надад дурлаасай”, “Зөвхөн чам руу”, “Нүд чинь хайр харуулна” зэрэг хуучны хит дуугаа үндэсний хөгжмийн хэмнэлд оруулан шинэчлэн дуулсан нь үзэгчдийн сэтгэлд хүрлээ. Тэд даган дуулах тэр мөчид энэ нь илүү тод анзаарагдсан.
Эртний хаадын гоёлын загвартай шаргал дээлтэй дуучин залуу “Нам гүм дундаас” дуугаа дуулахад тайзны хоёр талаас сүрлэг хувцастай эрэгтэй бүжигчид дүүлэн нисэх мэт бүжсэн нь хэн хүний сэтгэлийг огшоосон. Удалгүй тэнгэр шүтээнт монголчуудын бөө мөргөлийн хувцастай бүжигчид тайзны голыг эзлэн дууны хэмнэлд хэнгэрэг дэлдэх нь бидний өвөг дээдсийн шүтээн тахил тэрхэн мөчид тэнгэрээс буугаад ирсэн мэт байлаа. Дараа нь соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаагийн үг “Амьдрал дуул гэлээ” хэмээх цоо шинэ дуугаараа ая барьсан. Энэхүү дууны анхны сонсогчид энэ тоглолтын эрхэм үзэгчид болсон. Угаас тайзны соёлтой дуучин залуу эхнийхээ дууг дуулах мөчөөс өөрийн сэтгэл хөдлөл, баярласан сэтгэлийн үгээ харамгүй хэлж байсан юм. Тэрбээр “Төрийн ордны минь энэхүү танхимд хурал зөвлөлгөөн болдог байсан бол энэ мөчид хөгжим эгшиглэж байна. Урлаг соёлынхны түүчээ болж энэ ордонд тоглох болсондоо туйлын баяртай байна” хэмээн баярласан сэтгэлээ дуу бүрийнхээ ард хэлж байлаа.
“Чи надад дурлаасай” дууны фэнүүдийг нь хаянаа тэргүүлэв
Тоглолт хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн. Хоёр цаг шахам “амьд”-аар тасралтгүй дуулсныг сайшаан магтах нь зүйн хэрэг байх. Учир нь дундаа ямар ч солионы дуучингүй, минутын ч амралтгүй дуулсан нь үзэгчдийн сэтгэлд улам их хүрч байсан. Д.Болдын дуунд цэнхэр өнгийн дээлээр ижилсэн гангарсан “Гурван охин” хоолой нэмж, “Шуранхай”-н охид хүч түрсэн.
Хүрэлцэн ирсэн зочид тэднийг тусдаа дуулах болов уу гэж хүлээж байсан ч тоглолт дуусан дуустал дуучин залуугийн дуу бүрт чимэг болж байлаа. “Би түүнийг харснаас хойш” дууг язгуур хөгжмөөр ятгачин бүсгүй тоглож, аяыг нь шинээр язгуур хөгжмийн төрөлд оруулан дуулсан нь бидний үндэсний урлаг орчин цагийн ямар ч дуутай ясны мэт тохирохыг харуулсан. “Монгол поп” цомогт багтсан “Гоо амраг” хэмээх дуугаа дуучин хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүдэд зориулсан. Биеэ барьж байсан үзэгчид энэ дуун дээр сая нэг чөлөөтэй болж, дор бүрнээ амандаа үгийг нь алдалгүй дуулж байсан. Энэ дууг нь ихэвчлэн эмэгтэйчүүд түрсэн. Зарим нь энэ дууг тэсэн ядан хүлээж байсан нь илт. Мөн тэрбээр “Чи надад дурлаасай” дууг язгуур хөгжмийн аялгуунд дууллаа. “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа гэргийтэйгээ энэхүү дууны фэн гэдгээ харуулсан юм. Уг дууг эхлээд дуусан дуустал нь алга ташин дагаж дуулан, суудал дээрээ бүжиглэв.
Сэтгэл уяраасан хийлийн аялгуу
Тоглолтын дунд хэсэгт цэнхэр хантааз, шаргал өмдөөр гоёсон дуучин тайзнаа дахин гарч ирэв. Дуу бүрийг нь монгол ардын бүжиг, бий биелгээ, уран нугаралт чимсэн . Харин удалгүй дэгжин улаан дээлтэй бүсгүй шанз хөгжимтэй гараад ирлээ. Яах ийхийн зуургүй түүний хитүүдийн нэг “Нүд чинь хайр харуулна” дууг шанзаар эгшиглүүлж, үзэгчдийг доргиож чадсан. Дуу бүрт алга ташилтын цуурай танхим дүүрэн хадаж тоглолтын халуун, доргио хэсэг нь болсон гэхэд болно. Тоглолтын онцлох хэсэг нь түүний хийл хөгжим тоглох байлаа. Тэрбээр 12 жил Хөгжим бүжгийн коллежид хийл хөгжмийн ангид суралцсан. Гэвч төгссөнөөсөө хойш тайзан дээр гарч хийл тоглолгүй 15 жил болжээ. Тэрбээр өнгөрсөн жил “Би чамд хайртай-2” киноны гол дүрийг бүтээгээд зогсохгүй дуу, аялгууг нь хийсэн гэдгээ энэ үеэрээ дурдсан. Ингээд цахилгаан хийлээр киноныхоо “Алхам” аязыг тун ч чадварлагаар эгшиглүүлсэн юм. Киноныхоо дууг хийл хөгжимд тоглохын хажуугаар дуулж, үзэгчдийг уяраасан. Тэрбээр тоглохын өмнө багшаасаа “Алдаж дарвал шавийгаа битгий загнаарай” хэмээн уучлалт гуйгаад амжлаа.
Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатартай хамтран бүжиглэв
Тэрбээр “Аливаа улсын урлаг хамгийн үнэ цэнэтэй нь. Би багадаа Америк орныг попын хаан Майкл Жексоноор нь мэддэг байсан. Харин бид Монгол гэдэг улсыг уртын дуу, морин хуур, язгуур урлаг, түүх соёл, өвөг дээдсээрээ мэдрүүлэх нь чухал. Иймээс залуус бид эдгээр зүйлийг хүндэтгэн дээдэлж, дэлхийд таниулахад хүчин зүтгэх хэрэгтэй” хэмээн ярьсан нь үзэгч бүрийн сэтгэлд нэгийг бодогдуулаад амжсан. Түүний шинэ цомгийн хит дуу нь “Хээрийн салхитай аялгуу” юм. Түүний өвөө алдарт хуурч Г.Жамъян гуай. Өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулан энэхүү дуугаа зохиосон гэдэг.
Танхимын баруун зүүн талаас бүжигчид байраа эзлэн, дуучин “хамтдаа биелгээгээ хийцгээе” хэмээн танхим дүүрэн үзэгчдийг уриалав. Зарим нэг нь бүжигчидтэй хамтран бүжиглэж төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар хүүгийнхээ хамт танхимын урд хэсэгт үзэгчдийг оройлон биелэв. Тоглолт өндөрлөхөд дуучин залуу ирсэн зочдод талархлаа илэрхийлэн тайзыг орхин явлаа. Энэ үед ч алга ташилт үргэлжилсээр байв. Дор бүрнээ боссон үзэгчид түүнийг дахин нэг дуу дуулах болов уу гэсэн хүлээлттэй байсан юм. Үзэгчид цагаан эсгий дээгүүр алхлан Төрийн ордноос гарсан ч тарж явалгүй хэсэгтээ л ордны гадна зогсоцгоосон нь Д.Болдыг гарч ирэхийг хүлээсэн ч байж магадгүй. Зарим нэг нь тэр бүр ховорхон олдох завшааныг ашиглан Төрийн ордныхоо өмнө зургаа татуулаад амжсан.
Ийнхүү Төрийн ордны нэгэн үдэш өндөрлөв. Ирсэн үзэгчид дор бүрнээ сэтгэл хангалуун язгуур урлаг, өвөг дээдсийнхээ үлдээсэн түүхт соёлоороо бахархахын дээдээр бахархаж байсан. Төрийн ордны жаврыг үргээсэн дуучны тоглолт ийнхүү амжилттай өндөрлөсөн юм.
Д.Болд удахгүй гавьяат болохдог
Шаггүй хөдөлмөрч гэгддэг дуучин Д.Болдын фэнүүд ордны гадна зогсох зуур өөр хоорондоо тоглолтын тухай л ярьж байв. Тэд хайртай дуучнаа тун удахгүй Монгол Улсын гавьяат жүжигчин болно, Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор энгэр цоолно хэмээн эгээ л Ерөнхийлөгчийн зарлиг уншсан мэт хөөрөлдөв. Үнэхээр ч энэхүү тоглолт түүнийг юу хийж байгаа, юуны төлөө зорьж, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь харуулав. Мэдээж түүнийг янз бүрээр хэлэх хүмүүс олон бий. Гэхдээ хөдөлмөрч зан, тууштай зоригтой байдал түүнийг улам их хурцалж, олон зүйлийг хийх сэдлийг төрүүлдэг нь лавтай. Иймээс түүний энэ удаагийн гайхалтай тоглолт ирээдүйд урлагийн их үйлст улам ихийг хийх урам зориг, эхлэл нь болж буй биз ээ.