Мөрдөгчид хоцрогдоод байна

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Мөрдөгчид хоцрогдоод байна

Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав  өчигдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж Улсын Ерөнхий прокурорын газраас сүүлийн үед хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр энэ ажилд томилогдсоноос хойш прокурорын байгууллагад хийсэн  бүтцийн өөрчлөлт прокурорын хяналтын ажлын бүртгэлийн системийг боловсронгуй болгох төсөл, прокурорын байгууллагын боловсон хүчнийг дэвшүүлэн томилох, сэлгэн ажиллуулахад мөрдөх журмыг  боловсруулжээ. Энэ үеэр Ерөнхий Прокурор Д.Дорлигжаваас цөөн асуултад хариулт авлаа.
 
-Та Прокурорын байгуул­лагын болов­сон хүчнийг дэвшүүлэн то­ми­лох, сэлгэн ажиллуулах журам  баталсан. Энэхүү журмын онцлог юу вэ?
-Өнгөрсөн 80 жилийн  хугацаанд Прокурорын байгууллагын бүтэц бүрэлдэхүүн нэг л янзаар явж ирсэн. Тиймээс нийслэл, орон нутагт томоохон бүтцийн өөрчлөлт хийх шаардлага байсан юм. Прокурорын байгууллагын ажилтныг томилох, сэлгүүлэн ажиллуулах тухай журам баталсан. Манай байгууллага босоо удирдлагатай. Энэ зарчмыг зарим нэг нь  буруу хэрэглэснээс  гажуудал үүссэн байна. Өөрөөр хэлбэл хотоос хөдөөд, хөдөөгөөс хотод дэвшүүлэн томилох ажлыг дур зоргоороо,  үзэмжээр шийдэх байдал газар авсан.  Энэ гажуудлыг арилгахын тулд шинэ журам баталж, маш тодорхой болголоо. Жишээ нь сум дундын прокурор гурван жил ажиллаж байж дараагийн шатны буюу аймгийн прокурор болох эрхтэй. Мэдээж энэ хугацаанд ажилдаа зөрчил, дутагдал гаргахгүй байвал шүү дээ. Аймаг, нийслэлийн прокуророор ажиллах нь мөн л тодорхой болзол, цаг  хугацаатай болсон. Энэ нь хэн нэгэн дарга нь дур зоргоороо халаа, сэлгээ хийдэг, дээш доош нь шилжүүлдэг байдлыг зогсоож, прокурорын байгууллагад ажиллагсдад шударга ажиллах нэг боломж бүрдэнэ.

-Прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуу­лийн талаар албан даалгавар өгсөн. Энэ талаар тодруулаач?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлө­лөөс хуулийн  байгууллагуудын багц хуулийн төслийг хэрэгжүүлэх  албан даалгавар өгсөн. Энэ хүрээнд Прокурорын байгууллага таван  хуулийн төсөл боловсруулж Аюулгүйн зөвлөл, Ерөнхийлөгчийн тамгын газарт  өргөн бариад байгаа. Ерөнхий Прокурорын зүгээс доод шатны байгууллагуудад албан даалгавар өгнө. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, цагдаа, тагнуул, АТГ, шүүх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлд албан даалгавар өгнө гэсэн үг.  Энэ нь Прокурорын ажил, цаашлаад цагдаа, шүүх, ял эдлүүлэх байгууллагын үйл ажиллагаа давхар сайжрах сайн талтай.  Ганц жишээ хэлэхэд доод шатны прокурорын шийдвэр зөв байхад дээд шатны прокурор нь янз бүрийн шалтгаанаар хүчингүй болгодог. Энэ нь дээд шүүх дээр очоод буцах нь бий. Эцсийн дүндээ энэ нь хариуцлага гэж зүйлийг байхгүй болгож байна.  Тухайн прокурор ажилдаа хариуцлагагүй хандаж буруу шийдвэр гаргасан бол хариуцлага хүлээдэг байх ёстой. Энэ тохиолдолд доод шатны прокурор өөрийнхөө шийдвэрийг хамгаалж мэтгэлзэх эрхтэй болно. Өмнө нь бол “Дээд шатанд хүчингүй болсон, эсвэл сэргээсэн байна лээ, би мэдэхгүй” гээд сууж байх жишээтэй. Тэгэхээр хувь хүний хариуцлагыг дээшлүүлж, прокурорын ажлыг сайжруулна гэсэн үг.

-Манай мөрдөн байцаагчдын хэрэг илрүүлэх ур чадварыг та хэрхэн үнэлж байна. Тэднийг давтан сургах, мэргэшүүлэх боломж хэр нээлттэй байдаг юм бол?
-Бидний хэрэг илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа арга барил хуучирсан, хоцрогдсон арга барилаар ажиллаж байна. Жишээ нь манай мөрдөн байцаагчид хэрэг илрүүлэхдээ өрөөндөө дуудаж ирээд байцаалт авдаг. Ирэхгүй бол албадан баривчилна гэдэг ийм  л арга барилаар ажиллаж байгаа нь үнэн. Гэтэл гадаад улс орны мөрдөн байцаагчид хэрэг илрүүлэх, нотлох баримт цуглуулахдаа ямар уран арга хэрэглэж байна вэ. Бид тэднээс суралцах ёстой. Одоо хуулийн байгууллага төгссөн болгоны ажилд авахгүй ээ. Сургуулиа төгссөн хүмүүсээс шигшиж байгаад хоёр жил мөрдөн байцаагчийн чиглэлээр Франц улсад тусгайлан сургадаг болно. Ингэж хуучинсаг арга барилаасаа салж, хүмүүсээ чадваржуулах хэрэгтэй. Мэдээж ажлын ачаалал их, ажиллах нөхцөл, унаа хөсөг муу гээд зовлон бий. Энэ бүхэн ойрын таван жилийн төлөвлөгөө, зорилтод орсон учир хэрэгжүүлээд явна.

-Долдугаар сарын 1-ний хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн талаар янз бүрээр л яригдаж байна л даа?
-Долдугаарсарын 1-ний үймээний үеэр амь насаараа хохирсон хохирогчдын ар гэрийнхний гомдлыг судлаад шалгах зүйл байна гэж үзээд хэргийг сэргээж, мөрдөн байцаалтад буцаасан. Мөрдөн байцаалтад байгаа учир зүйлчлэлийг нь яаж  өөрчилсөн талаар ярихад эрт байна.

-Хөрөнгийн зах зээлд хувьцааны залилангийг хэрэг гараад байна. Нийслэлийн Прокурорын газар ийм төрлийн хэд хэдэн хэрэг шалгагдаж байгаа гэж сонссон?
-Нийгэмд шинэ төрлийн хэрэг мөн. Иргэдийн цэнхэр, ягаан тасалбар шиг арилжаанд оруулахдаа хууль бус арилжаа хийдэг брокер диллерийн зарим нэг компанитай холбоотой хэргүүд шалгагдаж байна.

-Өршөөлийн хуулийг ойр ойрхон батлах нь буруу гэх шүүмжлэл байна?
-Одоо дахиж өршөөлийн хууль батлагдах эсэхийг би мэдээгүй байна. Миний сонссоноор ерөнхийлөгч орон нутагт ажиллахдаа ойрын хугацаанд өршөөлийн хууль батлахгүй гэсэн байна лээ.

-Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүд мөрдөн байцаалтын юм уу хяналтын шатанд хэрэгсэхгүй болох нь  нийтлэг үзэгдэл  болоод байгаа юм биш үү?
-Санал нэг байна. Аль болох хурдан шийдэж хариу өгмөөр байна. Гэхдээ хүн хохироомооргүй, буруу жишиг тогтоомооргүй байна. Хэн нэгний гомдлыг тайлах гээд хөнгөн хуумгай хандаж болохгүй.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж