Ажиллаж чадахгүй байна аа, Л.Амгалан дарга аа

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Ажиллаж чадахгүй байна аа, Л.Амгалан дарга аа

Өнгөрсөн долоо хоногт нийс­лэлийн удирдлагууд иргэдтэй уулзаж 2010 онд  хийсэн ажлаа дүгнэж, энэ онд хийх ажлаа тайлаг­насан. Удирдлагууд ажлаа тайлагнасны дараа иргэд санал хүсэлтээ дүүргийнхээ удирдлагад хэлжээ. Үүний дагуу ч хоёрдугаар сарын 25-нд Баянгол дүүргийн удирдлагууд болон НЗДТГ-ын орлогч Ц.Цогцолмаагаар ахлуул­сан ажлын хэсэг тус дүүр­гийн иргэдтэй уулзав. Баян­гол дүүрэг нь 185 мянган хүн амтай бөгөөд 47 мянган айл өрхтэй. Өнгөрсөн онд тус дүүрэгт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар нийт 22,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн гээд буй.  Үүнээс 45 хувь нь дэд бүтцийн салбарт, боловс­ролын салбарт 17,8 хувь, эрүүл мэнд, нийгмийн салбарт 6,8 хувь, бүтээн байгуулалт, тохижилтын 30,4 хувиар тус тус зарцуулсан гэж тайлбарласан.
Мөн 2 сая 690 мянган төгрөгөөр таван хороо цогцолбор байртай болсон ажээ.  “Нийслэлийн  Баян­гол  дүүргийн хувьд энэ жил 55,6 тэрбум төгрөгийн бүтээн бай­гуу­лалтын ажил хийх бөгөөд дэд бүтцийн салбарт олон ажил хийхээр төлөвлөсөн. Мөн энэ онд тус дүүрэгт гурван хороо шинээр байгуулах, 100 ортой эрүүл мэндийн цогцолбор барих, авто замын өргөтгөл, засварын ажил хийнэ. Энэ жил ногоон байгууламжийг хоёр дахин нэмэг­дүү­лэх төлөвлөгөөтэй ажил­лаж байгаа. Мөн 13 хороонд ах­мад, хүүхдүүд  амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай барьж байгуулна”  гэж дүүргийн засаг дарга Л.Амгалан ярьж байх юм.
Харамсалтай нь, ингэж ал­тан гургалдай шиг донгодсон удирдлагууддаа  иргэд сэтгэл хан­га­­луун бус байгаа бөгөөд хийж буй ажил нь үр дүнд хүрэхгүй бай­на гэв. Иргэд архидалт, утаа, хогийн асуудалд бухимдалттай байгаагаа хэлсэн юм. Мөн ямар нэг ажил хийгээд араас нь хяналт тавихгүй үр дүнгүй ажил хийгдэж байна.  “Цагаан сараар манай дүү­рэг хогтойгоо угтсан. Аливаа улс орон хөгжих нэг үндэс нь цэвэр орчин гэж би боддог. Хогийн мөнгө гэж сар бүр 2500 төгрөг авдаг. Энэ мөнгийг төлж чадахгүй айл олон байгаа. Мөнгө нэхэж авахдаа сайн. Хогоо ачих болохоор цаг хугацаанд хийдэггүйгээс иргэд ил задгай хог их хаядаг. Хийж буй ажил байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ үр дүнд хүрэхгүй байна. IX, XIII  хороо өнөөдөр хогондоо дарагдсан байгаа. Гандангийн тэр хавь хог, бохир, шивтэр нь дийлдэхгүй. Одоо хавар болохоор энэ хог цасанд хайлаад урсана. Цаг хугацаанд нь газар дээр нь очиж ажлаа хийж байсан бол одоо ингэж овоорохгүй байсан байх. Гол нь хог ачихдаа амралтын өдөр ачих хэрэгтэй. Хүмүүсийг ажилтай үед нь ирээд явдаг. Энэ мэт яриад байвал их олон асуудал байна. Өрөөнд сууж ажил хийхгүйгээр иргэдийнхээ дунд орж ажил хийх хэрэгтэй байна. Хэрэв засаг дарга болон холбогдох нэгжүүдэд үнэлгээ өг гэвэл би “хангалтгүй” гэсэн дүгнэлт өгнө” гэж БГД-ийн иргэн Х.Лүндэн саналаа хуваалцав.
 Нийслэлд аж ахуй нэгж цагаан сарын өмнө их цэвэрлэгээ хийсэн. Гэтэл Баянгол дүүргийн иргэд хогтойгоо угтсанд сэтгэл дундуур байгааг олон иргэд хэлж байсан юм.  Мөн дэд бүтцээ хөгжүүлж ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй байгааг олон иргэд ярьж байлаа. Тус дүүргийн X хорооны иргэн Б.Нарантуяа “Манай хорооны СӨХ-ийн таван хүнийг ажлаас нь шалтгаангүйгээр халсан. Уг нь бид 45 мянган төгрөгийн цалин авдаг. Бага цалин авсан гэж санал гомдол гаргаж байгаагүй. Ямар учиртай халсныг бүх шатны байгууллагаас асуугаад хариуг нь авч чадаагүй.
 Ер нь дарга нар хороо, СӨХ гэлтгүй харъяа нэгж, иргэн бүртээ хүрч ажиллах хэрэгтэй байна” гэв. XIII хорооны иргэн Р.Зоригт харин “Монгол улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Гэтэл манай дүүрэгт газар олголт дууссан гэж ярьж байгаа. Газрын асуудлыг яаж шийдэх вэ?” гэж гайхан асууж байх жишээний. Энэ мэт олон санал хүсэлт, гомдолыг баянголчууд дарга нартаа дайж байна. Ямартай ч баянголчууд Засаг даргадаа “хангалтгүй ” гэсэн дүгнэлт өг­лөө. Баянгол дүүргийн төдийгүй нийслэлийн асуудал нь “хог, архи, утаа, ажилгүйдэл, үр дүнгүй олон ажил” гэдгийг санал нэгтэйгээр нийслэлийн иргэд хэлнэ.  Харин хотын удирдлагууд цаасан дээрх тэрбум тэрбумын бүтээн бай­гуулалтаа хийсээр л суугаа. Харин баянголчууд ажиллаж чадахгүй байна аа, Л.Амгалаан гэж сууна.

 Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж