
-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиас болж бизнес эрхлэгчид нэлээд гомдолтой байх шиг байна. Танай танхим ямар байр суурь баримталж байна вэ?
-Энэ бол амьдралд нийцээгүй хууль болсон. Манай танхим анхнаасаа л энэ хуулийг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн шүү дээ. Даанч манай УИХ баяр далимдуулаад л баталчихсан юм. Иргэн, аж ахуйн нэгжээс манайд хандаж гаргасан маш олон гомдол ирж байна. Энэ хууль хэрэгжих юм бол олон аж ахуйн нэгж ажлын байраа алдахад хүрээд байгаа. Тиймээс танхимаас намрын чуулганаар энэ асуудлыг дахин хэлэлцэх хүсэлтийг УИХ-д гаргана.
-УИХ намрын чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл яах вэ?
-Хэрвээ улс орныхоо эдийн засаг, иргэнийхээ амьдралд санаа тавьдаг хууль батлагчидтай юм бол энэ хуулийг эргэж харна гэдэгт итгэлтэй байна. Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй байсан. Энэ асуудалд УИХ няхуур хандах ёстой байсан юм. Иргэд аж ахуйн нэгж, төсөв бүрдүүлэгчдийг хуулиар айлгаж, дарамталж болохгүй. Яаж ч бодсон татвар нэмлээ гэхэд 60 дахин өсгөж болохгүй биздээ. Энэ нь татвар төлөгчдийг боомилж байгаа хэрэг гэж үзэж байна. Иймээс бид эхлээд УИХ-д баталсан хуулиа эргэж хархыг санал болгож байна.
Ж.ГЭГЭЭ