“Цагаан сарнай” Марийнскийн театрыг чимлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

“Цагаан сарнай” Марийнскийн театрыг чимлээ

МУЭ-ийн шагналт зураач С.Ганцацралттай уран бүтээлийнх нь  товч ярилцлаа.

-Оны өмнө таны уран бүтээл ОХУ-ын алдарт Маринский театрт тавигдсан. Ямар бүтээлийг тань тавьсан юм бэ?
– Миний “Цагаан сарнай” гэж шингэхэн зурсан их гоё зураг тэнд тавигдсан. Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр миний бүтээлийг Орост төдийгүй дэлхийд алдартай Санктпетербург хотын Мариинскийн театрт бэлэглэсэн юм билээ. Энэ тухай Төрийн ордоноос надад мэдэгдсэн. Би 2007 онд “Диваажингийн үнэр” гэдэг нэртэй цэцгээр дагнасан уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан. Тэр үзэсгэлэнд “Цагаан сарнай” бүтээл маань анх тавигдаж байсан юм. Балетчин хүнийг цэцэгтэй зүйрлэм гоё санагддаг. Цагаан сарнай хүндэтгэлийн гоё цэцэг. Тийм учраас балетчдад зориулж “Цагаан сарнай” бүтээлээ хийсэн. Монголын эмэгтэй зураачийн зурсан  багц цагаан сарнайн зургийг бэлэглэхэд тус театрынхан их өндөр хэмжээнд хүлээж авсан гэж ярьж байсан. Би оюутан байхдаа алдарт Мариинский театрт балет, дуурь үздэг байсан юм. Тэр театрт маань бүтээл минь тавигдах болсныг анх сонсоод их баярласан. Би өөрөө театрын уран зураг мэргэжлээр төгссөн. Миний уран бүтээлд балет, цэцэг их бий

-Энэ ханан дээр байгаа далавчтай эмэгтэйн зураг нүдэнд туслаа л даа. Ямар учиртай бүтээл вэ?
-2009 онд ноён хутагт Данзанравжаад зориулаад “Амгалан хоосон сэтгэл” нэртэй үзэсгэлэнгээ охинтойгоо хамтарч гаргаж байсан. Охин маань энэ жил Дүрслэх урлагийн дээд сургууль төгсч байгаа. Хутагт ээж, эх, эмэгтэй хүнийг их шүтэн биширдэг байсан гэдэг. Монголын театрыг үндэслэгч хутагтын талаар судлаад баршгүй.  Би театрын уран зураач мэргэжлээр сурч байхдаа “Саран хөхөө” жүжгийг сонирхож уншиж байсан ч тухайн  үедээ ямар гоё жүжиг вэ гээд нарийн учрыг нь сайн ойлгоогүй. Харин сүүлдээ энэ талаар судлаад,  судлаачдыг бичсэнийг уншаад байхаар тэр чигээрээ буддын шашны гүн ухаан,  философи агуулсан бясалгалтай  гэгээлэг, үлгэрийн юм шиг хэлээр хэлсэн сонин жүжиг юм гэдгийг ойлгосон. Хутагт ээж хүнд зориулж цагаан сүү өргөдөг мөөм овоо буюу “Тонтоон овоо” гээд хоёр овоо босгосон ч 1937 оны хэлмэгдэлтийн үеэр нураасныг сүүлд Данзанравжаа хутагтын удмынх нь тахилч музейн захирал Алтангэрэл сэргээн босгосон юм. Данзанравжаа өөрөө хун шувуу шүтдэг болохоор нь хунгийн жигүүртэй, эх хүнд зориулсан болохоор нь дарь эхийн төрхтэй, бурхан багшийг  гэгээрлийг олоход бодь гөрөөс анх харсан гэдэг сүмийн  оройд бүхнээс хамгаалагч гэж залдаг болохоор нь гөрөөсөн биетэй “Мөөм овооны сахиусан тэнгэр” ийм байх болов уу гэж сэтгэн дүрсэлсэн юм. Мөн “Саран хөхөө” жүжгээс сэдэвлэн Хөхөө шувуу болон хувирсан Сэрсэнмаа хатнаа гар дээрээ суулгачихсан хадан дээр сууж байгаа зураг бий.

-Ойрын үед үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа юу?
– Зохиолч яруу найрагч Лхагвын “Монгол зураач” гэдэг номоор үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Мөн сонгодог хөгжим сонсох дуртай болохоор сонгодог хөгжмийг зургаар илэрхийлбэл ямар бол зурж үзье гэсэн санаа байна. Өмнө гаргаж байсан  үзэсгэлэнгийнхээ үргэлжлэл болгож 2012-2013 онд үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй зургийн скиз бэлтгэл ажлаа хийгээд байж байна.

-Зарим зураач байгаль, зарим нь хөрөг зураг зурах дуртай гэдэг. Таны бүтээлүүдийг хараад байхад байгалийн сэдэв, тэр дундаа цэцэг их зурах дуртай бололтой?
-ДУДС-д багшилж байх үедээ би түүхэн сэдэвт болон Монгол орныхоо тал нутаг, ан амьтан, хадны сүг зураг, эмэгтэй хүний гоо сайхан бие, байгалийн сайхныг зурах дуртай байлаа. Бас мод зурах их дуртай. Мод гэдэг маань өөрөө их сонин. Газраас үндсээ аваад тэнгэр лүү тэмүүлж дөрвөн улирлын эрс тэрс уур амьсгалыг сөрөн зуу зуун жилийг элээсэн өвөрмөц сайхан шүү дээ. Салаалсан олон салаа мөчрийн хөдөлгөөн, үндэснээсээ эхлээд навч цэцэгс нь шарлан унах хүртлээ урсгал хөдөлгөөн амьд байхын төлөө тэмцэл явагдаж байгаа шүү дээ гэж сэтгээд л мод зурах их дуртай. Мэдээж бас цэцэг зурах дуртай. Эмэгтэй хүн байхгүйгээр … гэдэг шиг  цэцэггүйгээр байгаль дэлхий ямар уйтгартай вэ? төсөөлөөд үз дээ, тийм ч учраас би цэцэг зурах их дуртай. Цэцэг тарихаасаа зурах л илүү дуртайдаа. Цэцэг болгон өөрийн гэсэн бэлэгдэлтэй. Цэцэг зурах  хэцүү ч, зүгээр л нэг байгаагаар нь хуулаад зурчих биш үзэж буй хүнд яг байгаль дээр байгаа амьд юм шиг зурах хэрэгтэй гэж боддог.

-Урлан дээрээ хэр их цагийг өнгөрүүлдэг вэ?    
-Ер нь л ихэнх цагаа өнгөрүүлдэг шүү. 

-Та театрын тайзны уран зураачийн чиглэлээр төгссөн. Тэр чиглэлээрээ ажилласан уу?
-1998-2001онд улсын циркт анхны модерн хувцасны скиз зурж өгдөг байсан. Гадаад болон дотоодод тоглох бүхий л тоглолтын хувцасны скизийг хийсэн. 2001 онд “Эрин” нэртэй циркчилсэн модерн жүжиг Дуурь бүжгийн эрдмийн  театрт тавихад ерөнхий зураачаар ажилласан.”Үнсэлт” уран сайхны  киноны зураачаар ажиллаж,”Намайг битгий уучил” жүжгийн тайзны скизийг хийсэн.

-Цаашдаа театрын чиглэлээрээ бүтээл хийх үү?
-Би дипломынхоо ажлыг багадаа үзэж байсан Чойдогийн “Мөнгөн залаа” гэдэг балетаар тайзны скиз хийн  хамгаалж байсан болоод тэр үү балетийн скиз хийхийг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлнэ гэж боддог.
-Баярлалаа, танд амжилт хүсье.
Фото цомгийг энд дарж үзнэ үү.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж