Шилдэг төгөлдөр хуурчид гала тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Шилдэг төгөлдөр хуурчид гала тоглолтоо хийнэ

Польшийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шопений мэндэлсний 201 жилийн ойн хүрээнд Хөгжим бүжгийн коллежи, “Урбанек” компанийн санаачлагаар “Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааныг зохион байгуулж байгаа. Уралдаан энэ сарын 21-нээс 28-ныг өдрүүдэд Хөгжим бүжгийн коллежид болсон.
Уралдаанд Польш, ОХУ, БНСУ, БНАСАУ, Франц, Итали зэрэг улсаас 40 гаруй төгөлдөр хуурч өрсөлдсөн бөгөөд шилдэг төгөлдөр хуурчид гала тоглолтоо хийх юм. Өнөөдөр орой Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт шилдгээр шалгарсан төгөлдөр хуурчид шагналыг нь гардуулж өгөх бөгөөд тэд өөрсдийн шилдэг тоглолтоо үзэгчдэд толилуулах юм.

Уралдаанд оролцогчид "А", "Б" насны ангилалд өрсөлдсөн юм. "А" буюу 15-25 насны ангилалд шилдгийн шилдэг төгөлдөр хуурчаар Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын нэгдүгээр дамжааны оюутан Н.Ичин тодорч Польш улса Ф.Шопенийн хөгжмийн академид таван жил Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулжээ. Нэгдүгээр байрт ХБК-ийн төгсөгч Италийн хөгжмийн дээд сургуулийн оюутан Б.Бат-Эрдэнэ, гуравдугаар байрт Италийн хөгжмийн дээд сургуулийн оюутан Марко Пуйсаа, удаах байрт ОХУ-ын Красноярскийн хөгжмийн дээд сургуулийн оюутан Разумева Ирина Виталиевна нар тус тус шалгарчээ. Харин "В" буюу 13-15 насны ангилалд ХБК-ийн сурагч Ж.Ариунзаяа шилдгээр тодорч, тус сургуулийнс урагч Э.Ундрал хоёрдугаар байрт, Э.Номин гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

“Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны ерөнхий шүүгчээр Польш төдийгүй дэлхийд алдартай төгөлдөр хуурч Карол Радживонович, ОХУ-ын Краснярск хотын Хөгжмийн академийн багш Якобсон, Хөгжим бүжгийн коллежийн профессор, гавьяат багш Ч.Тунгалаг, төгөлдөр хуурын тэнхимийн эрхлэгч Д.Бурмаа, Соёл Урлагийн их сургуулийн багш, төгөлдөр хуурч Ц.Энхтөр нар шүүгчээр ажилласан юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж