
Францын нийслэл Парис хотноо болсон “Ролан Гаррос”-ын финалд өнгөрсөн жилийн аварга Франческа Скьявонег дараалан хоёр сетэд буулган авснаар Ли На “Их дуулга”-ын цом хүртсэн анхны Хятад теннисчин болж, түүхэнд нэрээ мөнхөллөө. Өдгөө 29 настай Ли чансаагаараа дэлхийд долдугаарт бичигдээд байгаа бөгөөд өчигдөр Францын нээлттэй тэмцээний финалд Итали теннисчин Скьавонег 6-4; 7-6 харьцаатай буулган авсан байна. Давуулалт болоод довтолгоондоо илүүрхэж байсан Ли На өрсөлдөгчөө нэг цаг, 48 минутад ялжээ. Тоглолтын дараа тэрбээр “Жаахан байхдаа би үргэлж “Их дуулга”-ын финалын тухай боддог байлаа. Магадгүй хүмүүс намайг одоо хөгширсөн гэж бодож байгаа байх. Гэхдээ энэ бүсгүй мөрөөдөлдөө хүрч чадсан юм шүү. Амаргүй байлаа” хэмээн ярьжээ.
Ли На, Скьявоне нар өмнө нь дөрвөн удаа тоглож байсан. Ингэхдээ хоёулаа хоёр, хоёр удаа хожиж байсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн жилийн “Ролан Гаррос”-т итали бүсгүй илүүрхсэнээр тэмцээнээ үргэлжлүүлж байсан юм.
Талбайн теннисний спортын хамгийн нэр хүндтэй, чансаа өндөр “Их дуулга” ангилалд багтах дөрвөн тэмцээний нэг болох Францын нээлттэй тэмцээний эмэгтэй, ганцаарчилсан төрлийн аварга өчигдөр тодорч, Хятадын Ли На түрүүлсэн бол эрэгтэй, ганцаарчилсан төрлийн аварга өнөөдөр тодорно. Аваргын дуулгын төлөө мөнхийн өрсөлдөгчид гэгдэх Швейцарийн Рожер Федерер, Испанийн Рафаэль Надаль нар өрсөлдөх юм.
С.Цэлмэг