ОХУ-ын Батлан хамгаалахын сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдтай уулзав

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Л.БОЛД ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд  “Хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны явцад хүлээн авсан болон ашиглаж байгаа оюуны бүтээлийн эрхийг харилцан хамгаалах тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын  хэлэлцээрт 2011 оны зургадугаар сарын 1-нд гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрт хоёр орны цэрэг, цэрэг-техникийн цаашдын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх талаар тусгажээ. Сайд Л.Болд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал, дэслэгч генерал В.К.Дзиркалн нартай уулзаж ярилцав.
 
Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын хоорондын олон жилийн найрсаг харилцаа, батлан хамгаалах салбар, цэрэг-техникийн  харилцан хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрсний зэрэгцээ цаашид өргөжин тэлэх эрх зүйн үндэс бүрдсэнийг хоёр тал  сэтгэл ханамжтай тэмдэглэв. ОХУ-аас Монгол Улсад үзүүлэх цэрэг, цэрэг-техникийн буцалтгүй тусламж, түүний дотор төрөл бүрийн мэргэжлийн чиглэлээр ОХУ-ын цэргийн сургуулиудад сургах хүний тоог нэмэгдүүлэх, хамтарсан хээрийн сургуулийг уламжлал болгон явуулж байх, харилцан айлчлал хийж, туршлага солилцох нь  чухал гэдгийг онцоллоо.

    Энэ оны гуравдугаар улиралд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Монгол-Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн ээлжит V хуралдааныг зохион байгуулж, хамтын ажиллагааны гэрээг таван жилээр сунган, хоёр талын хөгжлийн хэтийн чиг хандлагатай уялдуулан шинэчлэн батлах талаар харилцан тохиролцов. Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Л.Болд ирэх есдүгээр сарын 9-нд болох БХЯ байгуулагдсаны 100 жилийн түүхт ой, Монгол цэргийн наадмын арга хэмжээний үеэр Монгол Улсад айлчлахыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюковоос хүссэнийг талархан хүлээж авсан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж