Д.Алтанхуяг сургуулиараа зочиллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуяг сургуулиараа зочиллоо

АНУ-ын “Бостон балет”-ийн бүжигчин, дэлхийн шилдэг найман балетчны нэг Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өчигдөр гэр бүлийн хамт Монголдоо ирсэн. Америкт ажиллаж амьдарсаар нэлээд хэдэн жилийг үдсэн тэрбээр өнөөдөр өөрийн сурч, төгссөн Хөгжим бүжгийн коллежид зочиллоо. Энэ үеэр Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Хөгжим бүжгийн коллежийн удирдлагуудтай уулзаж, сургуулийнхаа шинэчлэл өөрчлөлтийн талаар ярилцахын сацуу хувийн зүгээс болон өөрийнхөө байгуулсан “Монголын балетийн хөгжил сан”-гаас цаашид хамтарч, дэмжиж ажиллахаа амласан. Мөн төгсөх ангийн  Монгол бүжиг, Сонгодог бүжгийн ангийн сурагчидтай уулзаж, хэрхэн өөрийгөө бэлтгэж, сайн бүжигчин болох талаар нээлттэй ярилцсан юм.

Сонирхуулахад, түүний байгуулсан “Монголын балетийн хөгжил сан”-гийн хамгийн эхний ажил нь Монголд “Night of Ballet” олон улсын фестивалийг хийх явдал юм. Иймд бүжигчин Д.Алтанхуяг энэ сарын дундуур дэлхийн шилдэг балетчдыг эх орондоо урьж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа супер гала тоглолт хийхээр бэлтгэж байна. Одоогоор бусад дэлхийн шилдэг бүжигчид Монголд ирээгүй байгаа учир Д.Алтанхуяг хэвлэлийн бага хурлаа хойшлуулаад байгаа гэнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж