Малчин эмэгтэйчүүд чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Малчин эмэгтэйчүүд чууллаа

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан, УИХ-ын гишүүн С.Баярцогтын дэмжлэгтэйгээр жил бүр хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн уулзалт өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Уулзалт энэ жил дөрөв дэх удаагаа өнгөрсөн бямба гаригт зохион байгуулагдлаа. Уулзалтад зөвхөн хөдөө мал малладаг малчин эмэгтэйчүүдийг хамруулдагаараа онцлогтой.  Энэ жил сумын 180 орчим малчин эмэгтэйчүүд сумын төвөөс 20-200 км-ын алсаас хуран чууллаа.  Уг арга хэмжээнд Сангийн сайд С.Баярцогт уригдан оролцсон юм.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын хувьд нийт 600 орчим өрхтэй. Тэдгээрийн 50 орчим хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, дөрвөн цагийн аясаар нутаг усандаа нүүдэллэн амьдардаг малчин өрх аж. Тус суманд хөдөө мал малладаг 200 гаруй эмэгтэйчүүд байдгаас 180 төлөөлөгчид уулзалт өдөрлөгт хүрэлцэн иржээ. 

Сангийн сайд С.Баярцогт уулзалтад оролцогчдод хандан “Малчин эмэгтэйчүүд тэр бүр хот хүрээ орж чаддаггүй, урлаг соёл, эмнэлгийн үйлчилгээ, аливаа  арга хэмжээнээс хол, олон нийтийн ажилд оролцож чадалгүй үлддэг. Тийм учраас хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийг хамруулан нэгэн доор уулзуулах, туршлагаа солилцох, нэгэн өдрийг хамт өнгөрөөх боломжийг энэхүү уулзалт олгодог.  Жавхлант сумын хувьд энэ уламжлалыг маш сайн авч явж байгаа. Бусад аймаг сумдууд үлгэрлэж хэрэгжүүлбэл сайхан арга хэмжээ болно” гэж онцоллоо. Мөн сайд Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм. 

Хөдөөнөөс ирсэн малчин эмэгтэйчүүд “Бид тэр бүр хот хүрээ газар очиж чаддаггүй өвдвөл төв л бараадна. Тэтгэвэр тэтгэмжээ авах гэж л сумын төв орно. Түүнээс бусдаар бол ингэж сайхан уулзах боломж тун ховор байдаг” гэлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж