
Нөгөө талаас ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын хувьд түүхий нефтээ гадаад руу их хэмжээгээр экспортолсон нь эргээд дотоодынхоо нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын Засгийн газрын тэргүүн нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортыг тодорхой хугацаанд хязгаарлах шийдвэрийг гаргасан юм байна. Мөн дээрх арга хэмжээ болохоос өмнө Япон улсын Фүкүшима атомын цахилгаан станцад үүссэн гамшгийн улмаас хойд хөрш тус улс руу их хэмжээгээр шатахуун экспортолж байсан нь дотооддоо хомсдол үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс шатахууны хомсдолд ороход гадаад шалтгаан их байсан тухай тэрбээр тодотгосон юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн хувьд “Монгол Улс өөрийгөө хангаад явчих нефть боловсруулах үйлдвэртэй болох тухай олон жил ярьсан боловч, шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурангуут мартчихдаг. Шатахууны нийлүүлэлт хомсдоод үнэ өсөөд ирэхээр нефтийн үйлдвэртэй болох тухай ярьж эхэлдэг. Энэ алдаагаа Засгийн газар дахиж давтмааргүй байна. Тийм учраас газрынхаа тосыг боловсруулаад дотоодынхоо хэрэгцээг хангачих үйлдвэр барьж байгуулах талд бодлого боловсруулах ёстой” гэсэн юм.
Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын тодотгосноор Дорнод болон Зүүн баянд тус бүр нефть боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөжээ. Дорнодод үйлдвэр барихад найман сар шаардах бол Зүүн баянд үйлдвэр барихад 1.2 жил болох аж. Дээрх үйлдвэрүүдээс гарах бүтээгдэхүүн нь импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүний үнээс даруй 10 хувь хямд байх тооцоо гарсан байна. Тиймээс энэ асуудалтай холбогдуулан тус байнгын хорооноос тогтоол гаргахаар болсон юм.