
Өмнөх жилүүдээ бодвол тээврийн хэрэгслийн татварын хэмжээ 50 хувь нэмэгдаж, агаарын бохирдлын татвар шинээр авах болсон нь жолооч нарын халаасыг тэмтэрчээ. Өнгөрсөн жил тээврийн хэрэгслийн татварт 24 мянган төгрөг өгдөг байсан жолооч энэ жил 36 мянгыг өгч, үүн дээр нэмж агаар бохирдуулсны татварт 1800-9500 төгрөгийн татвар төлөх жишээтэй. Жолооч нар “Төлөх төлбөр нэмэгдсэн хэрнээ авто машин эвдэлдэг замаа засахгүй юм” гэж бухимдсаар оношилгоонд орж, татвараа төлж байна. Тээврийн хэрэгслийн албан татвар хураах болон, оношилгоонд орох цаг нь тулсан учраас үзлэг, оношилгоо хийж буй газруудад өнөөдөр ачаалал их байлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн авто тээврийн оношилгоо олны хэлж заншсанаар Чулуун овоон дахь авто вокзал дээр болж байгаа бөгөөд жолооч нар өглөөний зургаан цагаас эхэлж дугаарласаар 14.00 цагт оношилгоондоо орлоо гэхтэй таарав. Тэгвэл 7.30 цагт ирж дугаарласан авто машины жолооч 15.00 цаг үзлэгт орж амжаагүй байлаа. Жолооч нар хугацаандаа амжиж үзлэг, оношилгоонд орохоор өглөө эртлэн босч, бүтэн өдрийг ийн зориулж буй ажээ. Үзлэгт орох гэсэн зөвхөн энэ хэсгийн авто машины очер багцаагаар гурван км орчим урт цуваа үүсгэсэн байна. Эндхийн үзлэг, оношилгоог хоёр зэрэг хийж байгаа ба нэг автомашиныг оношилоход 5-10 минут зориулж байгаа юм. Уг нь хугацаа бага ордог хэдий ч очер дугаар их байгаа нь жолооч нарыг бухимдуулж байна, мөн татвар төлөх касс нь дараалал ихтэй байлаа.
Авто тээврийн хэрэгслүүдийн үзлэг, оношилгоонд орох хугацаа харилцан адилгүй. Наймдугаар сард, эсвэл аравдугаар сард орох тээврийн хэрэгсэл ч байна. Тэгэхээр хугацаа нь болоогүй автомашинуудыг үзлэг, оношилгоонд оруулах шаардлагагүй, нэг жилийн хугацаандаа багтаж байвал болох аж. Харин тээврийн хэрэгслийн албан татварыг бүх машин энэ сард багтаж төлсөн байх учиртай. Уг татварыг төлснийг баталж гурвалжин хэлбэртэй тэмдэг тухайн автомашины нүүрний шилэн дээр наалттай байх юм. Ийм наалтгүй автомашин нь тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй гэдгийг нотлох ажээ. Тэгэхээр оношилгоонд орох хугацаа нь болоогүй авто машиныг татварыг харьяа дүүргийн татварын албанаас очоод шууд авч болох юм байна. Мөн хорооноосоо татварын мөнгөө төлөөд татвар төлснийг гэрчлэх “гурвалжин”-гаа авч болох ажээ.
Агаар бохирдуулсны татварыг утааны нөхөн төлбөр гэх нь ч бий. Тухайн машинд оношилгоо хийхдээ утааны хэмжээ, утаан дахь нүүрстөрөгчийн хэмжээг тогтоож, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд нь А-Е хүртэлх тэмдэглээг хийх аж. Үүнийг үндэслэн татварын байгууллага 1800-9500 төгрөгийн татвар тогтоодог байна. Ерөнхийдөө моторын багтаамж нь 1500-аас дээш авто машинд 5000 гаруй, үүнээс доош хэмжээний мотортой автомашинд 1800-3000 төгрөгийн орчмын татвар ногдож байгаа гэнэ.
Энэ онд урьдчилсан дүнгээр 300-гаад мянган авто тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдах ёстой аж. Өчигдрийн байдлаар үзлэг, оношилгоо 51,4 хувьтай байсан юм. үүнээс Улаанбаатар хотод 91 309, орон нутагт 95 578 автомашин үзлэг, оношилгоонд оржээ.