Төрийн албан хаагчид гэмт хэрэг үйлджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид гэмт хэрэг үйлджээ

Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт олгодог нөхөн төлбөрийг гаргуулах зорилгоор төрийн алба хаагчид гэмт хэрэг үйлджээ.  Талийгаачид задлан шинжилгээ хийгээгүй хэрнээ хуурамч тэмдэглэл үйлдсэн эмч Ц, эмчийн хуурамч тэмдэглэлийг үндэслэн мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр нас барсан гэх хуурамч дүгнэлт гаргасан мэргэжлийн хяналтын байцаагч О, тэдэнд хахууль өгсөн иргэн О нарт холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн сум дундын шүүх хянан хэлэлцсэн байна. Тус аймгийн шүүхээс мэргэжлийн хяналтын улсын байцаагч О-г хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэх хуулийн заалтын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмч Ц-г үйлдсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзах ял оногдуулж, эмчээр ажиллах эрхийг нэг жилээр хасах шийдвэр гаргажээ.  Харин төрийн албан хаагчид хахууль өгсөн иргэн О-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу таван сая, 616 мянган төгрөгөөр торгох  ял ногдуулж, хээл хахуульд өгсөн 300  мянган төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Уг хэргийн талаар эргэн сөхвөл,

“Эрдэнэт үйлдвэр”-т ажилладаг байсан Д ажлын бус цагаар явж байгаад нас барсныг ар гэрийнхэн нь задлан шинжилгээнд оруулалгүй хөдөөлүүлжээ. Гэвч ажил явдлаас хойш нэг сарын дараа уг үйлдвэр мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт нөхөн олговор олгодгийг санаж, ар гэрийнхэн нь нөхөн олговор авахаар хөөцөлдсөн байна. Нөхөн олговор авахад талийгаачийг мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсныг нотлох баримт, баталгаа шаардлагатай байсан тул Орхон аймгийн Мэргэжлийн хяналын газрын эмчилгээ, оношлогоо, чанарын хяналтын улсын байцаагч О нь өөрийн найз, талийгаачийн ойр дотны хүн болох О-д зөвлөн, талийгаачид задлан шинжилгээ хийсэн мэтээр хуурамч тэмдэглэл хийлгэхийг санал болгосон аж. Улмаар тус аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Ц-тэй ярилцаж, асуудлыг зохицуулжээ. Иргэн О-гийн өгсөн өвчтний түүхийг үндэслэн эмч талийгаачид шинжилгээ хийсэн мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэн, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. Эмч Ц-гийн хийсэн задлан шинжилгээний тэмдэглэл хуурамч гэдгийг мэдсээр байж тэмдэглэлийг үндэслэн мэргэжлийн хяналтын улсын байцаагч О талийгаач Д-гийн өвчин мэргэжлээс шалтгаалсан өвчний бүлэгт хамаарах тухай хуурамч дүгнэлт үйлдэж, уг дүгнэлтээр нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэх дүгнэлтийг мөн хуурамчаар үйлджээ.

Задлан шинжилгээний хуурамч тэмдэглэл үйлдэж өгснийх нь хариуд иргэн О өнөөх эмчид 300 мянган төгрөгийг “Буяны юм” нэрийдлээр өгсөн аж.

Дээрх хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж илрүүлсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж