Улстөрчдөөс өгөх “ухамсрын шанаа”

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Улстөрчдөөс өгөх “ухамсрын шанаа”

Үнэн инээдтэй нэг франц кино байдгийг хүмүүс үзээ л байлгүй дээ. Иргэншлээс хол ямар ч асуудалгүй амьдарч байсан африкийн нэгэн овогт тэнгэрээс унаж ирсэн гай хамаг тайван амьдралыг нь бусниулж орхидог. Тэр бол замбараагүй нисэгчийн онгоцноосоо чулуудсан “кола”-ны шил байлаа. Тэр шилээр хүүхдүүд нь тоглох гэж, хүүхнүүд нь болохоор гурил элдэх энэ тэр гээд олон ажилд ашиглах гэж булаалдаж эхэлнэ. Улмаар нийтийн өмч гэж ойлгож байсан ганцхан “кола”-ны шилийг эзэмших гэснээс зөрчил үүсч бие биенийхээ толгойг хага цохисноор тайван амьдрал “конец” болж байгаа юм.

Өмчлөх эрмэлзэл, өрсөлдөөн бий болсноор нийгэмд шинэ харилцаа үүсч, түүнийгээ дагаад сүүдэр нь ч тусч байдаг тухай  гайхалтай ёгт санаа. Нийгмийн ийм л гайтай өмчлөх сэтгэлгээний өнөөгийн нэг лай нь улс төрийн эрх мэдэл болчихоод байгаа юм. Ухаандаа УИХ-ын 76 суудал байна. Ардчиллын үеэр л барууныхны шидсэн нэг төрлийн “кола” байх л даа, хоёр өөр найрлагатай гэж байгаа тэр чинь. Манайхан мажоритараар нь хэсэг гайгүй явснаа ам хамраар нь сагасан уу яасан, одоо пропорциональтай нь хольж үзнэ ээ гээд л байна.

УИХ гэж байхаас өмнө анхдагч нь АИХ гэж байхад танхимаар дүүрэн нөхөд сонгогддог, тэгээд ч тэнд очих хүмүүсийг сонгогчид бараг л гуйж гувших нь холгүй явуулдаг байсан чинь одоо нэг танхимтай парламент гэж гайтай “улаан туучий” гарч ирснээс хойш юм юм л үзэх нь бололтой.

Барьцаалагдсан сонгогчид

За тэр сонгуулийн хууль мууль ч яамай, боддог улсууд нь бодно биз гэж суутал биш болоод явчихлаа. Ер нь л сонгогч манийгаа бас хөөрхөн шоглох маягтай болоод ирлээ шүү. Юу гэнэ вэ, сонгууль өгөхгүй бол тэгнэ ингэнэ гэсэн баахан ”шантааж” төлөвлөж байгаа болж таарав. Ухаандаа үүргийг нь сануулах гэж улстөрчид сонгогч нарт “ухамсрын шанаа” өгч эхлэх юм байна л даа. 
Бас зальтай, тэд нар чинь. Эхлээд “эх орны хишиг” энэ тэр гээд байгалийн баялгаас хүртэх боломж олгож, улмаар Тавантолгойн хувьцаа тараана энэ тэр гээд нэг л олон боломжийн тухай сайхан мөрөөдөлтэй болгож орхиж байгаа юм. Тэгснээ л шантаажаа эхэлнэ дээ. Хэрэв иргэн сонгууль өгөөгүй бол “эх орны хишиг”, Тавантолгойн хувьцаа энэ тэрийгээ авах тухай горьдох ч эрхгүй болох аж.

Мөн сонин юм даа. МАХН гэж байхдаа одоогийн эрх баригчид байгалийн баялгаас хуваарилах “эх орны хишиг” гэж 1.5 сая төгрөг өгнө гэж амлаж байхад зарим нь “Үүн шиг муухай хахууль байхгүй” гээд байгаагүй биш бил үү.Тэгсэн одоо болохоор нөгөө цэрвэж муулаад байсан зүйлээ барьцааны “хөрөнгө” болгон хуульчлах юм гэнэ. Хэсэгхэн хугацааны дараа санаа бодол чинь ингэж эргээд байдаг юм бол сонгогч өөрт чинь итгэнэ гэж яаж найддаг байна аа. Эсвэл манан дунд манардаг юм болов уу.

Асуудал ингээд зогссонгүй. Нэгэн эрхэм гишүүний сонинд өгсөн ярилцлага дотор одоо шинэчлэх гээд байгаа сонгуулийн тухай хуульд “сонгууль өгөөгүй иргэнийг төрийн байгууллагад ажиллуулахгүй” гэж оруулах юм гэнэ. Бид ер нь ингэхэд хаана амьдарч байна аа. Ардчиллын үнэт зүйлийг эрхэм болгосон ардчилсан тогтолцоот оронд лав биш юм шиг байна. Үндсэн хуулиар олгосон эрхээр бол иргэн бүр аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх ёстой биш үү. Гэтэл дээр дурдсан агуулгатай хууль гаргаж болно гэж найдаж байгаа хууль тогтоогчидтой орныг ардчилсан гэж яаж нэрлэх вэ.

Шантаажны эрин үе

Ер нь ч энэ мэтээр иргэдийг айлгаж сүрдүүлэх оролдлого улам бүр газар авсаар байгаа нь анзаарагдах болсон. Эхэндээ хороон дарга лүндэн буулгаж хогны татвараа төлөөгүй айлынхан “далан мянгаа авахгүй шүү” энэ тэр гэдэг байлаа. Удалгүй иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахгүй бол “эх орны хишиг” өгөхгүй болоод ирсэн. Энэ мэтээр явсаар одоо бүр шат шатандаа иргэдийг айлган сүрдүүлэх байдалтай журам, дэглэм, тогтоол, хууль ар араасаа гарсаар байх төлөвтэй. Сүүлдээ бүр ажилд ч авахгүй болж байх шив.

Олж сонссоноор бол удахгүй шинэ загварын цахим мэдээлэл бүхий иргэний үнэмлэхтэй болох юм гэнэ лээ. Тэгэхээр шинэ иргэний үнэмлэх авахгүй бол газар олгохгүй, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт хамруулахгүй гэх мэтээр дээр хэлсэн “ухамсрын шанаа” үргэлжилсээр байх юм биш биз. Иргэний үүргээ ухамсарладаг болгох ийм хэлбэрийн хүмүүжлийн аргыг сайшааж байгаа хууль тогтоогч нар цөөнгүй байдаг нь ил боллоо. Харин энэ хүмүүжлийн арга хэр үр дүнтэй байх нь тодорхойгүй.

Нөгөө талаар сонгууль өгөөгүй иргэн төрийн албанд ажиллахгүй гэсний цаад санаа юу юм бол гэж эрхгүй бодогдов. “Нам төр хоёр ихэр юм” гэдэг агуулга чинь хуучин нийгэмтэй хамт алга болчихоогүй бил үү. Гэтэл сонгуулийн хуульд оруулах гээд байгаа тэр заалтын санаа чинь “сонгуульд ч оролцохгүй юм байж албан тушаал гуйхдаа дэндүү шүү, та нар” гэж загнах нэгэн намын даргын авиртай ямар адилхан санагдав аа. Ингэхэд төрийн албанд ямар хүн ажиллах ёстой билээ. Шударга, чадвартай хэн ч болов төрд ажиллах учиртай. Тэгэж байж түүнийгээ дагасан итгэж болох тийм л үйлчилгээг төрөөс үйлчлүүлэгчид нь болох иргэд хүсч байдаг. Тэрнээс сонгууль өгсөн хүн үү, үгүй юу гэдгийг нь төрийн албан хаагчаас шалгааж байх завтай иргэн ч ховор болж байгаа цаг шүү дээ.  

Иргэний үүргээ ухамсар­лахгүй байгаагаас болж сонгогч­дын оролцооны хувь хэмжээ буураад байгаа нь ийм санаачилга гар­гахад хүргэлээ гэж эрхэм гишүүд тайлбар хийгээд байгаа бололтой. Харин ч ардчилсан орны иргэдийн сонгуульд саналаа өгөх оролцооны  өндөр биш хувь нь тэдний цаг завгүй ажилсаг, тэгээд ч улс төрд хийрхлээр оролцдоггүй сайн тал нь болж харагддаг гэж ярьдаг байсан ардчилагчид хааччихав аа. Одоо огт өөр юм ярьсан шиг яваад байна уу,үгүй юу.
Үнэхээр ухамсрын шанаа аваад байхаар төвшинд хүрсэн юм уу гээд үзэхээр монголын сонгогчдын оролцооны төвшин бусад орнуудтай харьцуулахад тэгтлээ сандарч тэвдээд байхаар буураагүй санагдана. Харьцуулж харах гээд зарим мэдээллийг олж үзвэл УИХ-ын 1992 оны сонгуульд нийт сонгогчдын 94 хувь нь оролцож байсан тоо байна. Дөрвөн жилийн дараа бараг арван хувиар буурч 85 хувь болсон бол мөн л ойролцоо хувьтайгаар 2000 оны сонгуулийг үдсэн аж. Харин 2004 онд 80 хувь орчим байж байгаад 2008 оны сонгуульд 75 хувь болтлоо доошилсон байгаа юм байна.

Бусад орнуудад ямар байдгийг харвал АНУ-д ихэвчлэн сонгогчдын 51 хувь л сонгуульд саналаа өгдөг аж. Харин Их Британи, Канад, Франц, Япон болон ОХУ-ын сонгогчдын 60-67 хувь нь л сонгуульд оролцдог дундаж дүнтэй байгаа гэнэ. Манайд тэгвэл тэдний дунджаас лавтай арван хувь дээгүүр байгаа юм биш үү. Тэглээ гээд дээрхи орнууд “хямраад” л, тэгээд хэн нэг америк иргэн эсвэл британи сонгогч ялгаварлан гадуурхагдсан тохиолдол гарч байсан нь юу л бол.

Харин албадлагын сонгуу­лийн хувьд бол Австрали, Перу, Аргентин, Конго, Сингапур гээд 12 орон л өнөөдрийн байдлаар бодитоор хэрэгжүүлж байгаа гэнэ. Монгол нэмэгдвэл 13 л болох бө­гөөд дэлхий даяараа цөөнхийн оролдлого гэж үзээд байгаа энэ туршлагыг улайран авах гээд байх шалтгаан бидэнд үнэндээ алга.

Эцэст нь нэг зүйлийг хэлэ­хэд сонгуульд санал өгөх хувь хэмжээ буураад байгаа нь иргэд үүргээ ухамсарлахгүй байгаагаас л ганцхан болоод байгаа ч зүйл биш байх аа. Харин ч сонгуулийн үеэр байнга л гардаг булхай луйврыг сонгогч нар ухамсарлан жигшдэгээс болж, бас төрийн нэр хүндийг сайшаахгүй бол­тол нь унагаж байгаа эрхэм тү­шээд та нарын увайгүй, итгэл хүлээлгэмээргүй авир төрхөөс л болж байгаа юм биш үү. Өмд үгүй байж өвдөг цоорхойг гэгчийн үлгэр л болов доо.

Ингэхэд ер нь иргэдэд л зо­риулж элдэв шахалт шаардлага санаж сэдэж байхын оронд эрхэм төрийн түшээд өөрсдөдөө ч бас “сюрприз” бэлдэж баймаар юм. Юм бодогдохгүй байгаа бол ганц нэг санаа хэлээд үзэх үү. Зарим нь домог л гэдэг юм билээ. Гэхдээ яах вэ  санаа авахад илүүдэхгүй.

Эртний Грекийн улсуудад хууль тогтоогч нар туйлын шударга байж. Тэд батлуулахаар оруулсан хуулиа хэлэлцүүлж байх үедээ дүүжлүүрийн доор зогсдог байжээ. Хэрэв хууль уналаа л бол санаачлагч ч бас хамтдаа доош унана.

Зохиогчийн эрх "Ардын эрх"

М.Наст /тоймч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж