
Хэвлэлийнхэнд 14 хоногийн турш байцаагдсан уг дарга нар энэ удаад бүлгийн гишүүдэд ийнхүү байцаагдав. Гишүүд “Хомсдол үүсгэхгүй байх боломжтой гэж байснаа яагаад өөрчлөгдчихөв. Яагаад дизель түлшний хязгаарлалтанд оров. Өмнөд хил дээр барилгын материал их хэмжээгээр бөөгнөрөх болсон шалтгаан юунд байна. Тээврийн компаниуд хэмнэлтийн горимд шилжих болсон учир хэнтэй хамааралтай байна” гэх зэрэг асуултыг асуусан байна.
Дотоодод хомсдол үүсэхэд хамгийн ихээр нөлөөлсөн гадаад хүчин зүйлд мөнгөө тушаасан ч ачилт хийгдээгүй байсан шатахууны нийлүүлэлтийг онцолсон бөгөөд ОХУ-тай гэрээ хэлцэл байгуулан шатахууны ачилтыг хийж байгаа гэнэ. Гэвч дизель түлшний нийлүүлэлт өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй адил хэмжээнд байхад ийм хомсдол үүсгэж буй шалтгааныг дотоодын нийлүүлэгчидтэй холбохоос өөр аргагүй байгаа аж. Тухайлбал, Өнгөрөгч жилүүдэд шатахуун нөөцөлдөг савны металийг түүхий эд болгоод тушааж орхижээ. Зөвхөн үүнээс шалтгаалан хувийн эзэмшлийн агуулах саванд шатахуунаа өндөр түрээстэйгээр хадгалуулахаас өөр аргагүй болсон нь үнийн өсөлтөд нөлөөлжээ.
Мөн төмөр замын бараа нэвтрүүлэх чадвар сул байдаг нөхцөл энэ удаад бас л уршгаа тарьж байгаа аж. Энэ тухай мэдээллийг бүлгийн дарга албан ёсоор мэдээлээгүй ч урд хил дээр хуримтлагдаад буй барааны дунд шатахуун ачсан чингэлэгүүд ч мөн байгаа гэнэ. Өнгөрсөн жилд барилгын материал гацсанаас барилгын үнэ өсч, инфляцийг хөөргөдөж байсан бол энэ удаагийн гацалт түлшний үнэнд нөлөөлөв.
Өмнө тохиолдож байсан нөхцөл ийнхүү дахин давтагдаж байгаа тул Монгол Улс өөрсдөө газрын тосоо олборлож, шатахуун нэрж бензин, мазут гаргах талаар гишүүд санал шүүмжлэл өрнүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул аймаг, Сайншандад шатахуун нэрэх үйлдвэр барих талаар олон жилийн нүүр үзсэн асуудал ч сөхөгдөж.
Иймд бүлгээс дараа дахин ийм зүйл гаргахгүй байхад анхаарч ийм төлөвлөгөө боловсруулан оруулж ирэхийг Засгийн газарт даалгажээ. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор ирэх зургаан сард өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин их хэмжээний дизель түлш, шатахуун орж ирүүлэхээр төлөвлөснийг ч энэ үеэр дуулгасан байна. Энэ тухай бүлгийн даргын сүүлийн тайлбар нь “14 хоногийн шатахууны хомсдол цаашид үргэлжлэхгүй” гэх амлалт байлаа.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь гурван жилийн турш яригдаж буй Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Асгатын ордыг эргэлтэнд оруулах тухай байсан ба Засгийн газрын зүгээс ордыг ашиглах чиглэлээр шуурхай ажиллах шаардлагатайг үүрэгдсэн чиглэл өгөхөөр болжээ. Гэвч ажлыг урагшлуулахад нэг хүндрэл байгаа нь хуультай холбоотой үүссэн аж. Үүнийг тайлбарлавал лиценз нь “Монголросцветмент” нэгдлийн нэр дээр байдаг ч хөрөнгө оруулалт нь хамтарсан тул лицензийн асуудлыг шийдвэрлэх зохицуулалт дутагддаг аж.
Дээрх асуудлын дараагаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн нь нилээдгүй шүүмж, саналыг өрнүүлэв. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооныхон боловсруулсан уг төслийн зарим дүгнэлт энэ удаад “үндэслэлгүй” хэмээн үнэлүүлэв. Учир нь Үндсэн чиглэлд “Монгол Улсын эдийн засаг ирэх онд 16 хувиар өсөх, үүнээс гадаадын шууд хөрөнгө оруулалт 10 хувиар нэмэгдэнэ” гэжээ. Үндэслэлгүй гэсний учир нь Оюутолгойн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хөрөнгө оруулалт 100 хувиар нэмэгдэх тооцоо байхад 10 хувь гэдэг оновчтой судалгаа биш гэсэнд байв.
Түүнчлэн Үндсэн чиглэл, үр дүнг цаашид хэрхэн хэлэлцэж байх талаар бүлгийн гишүүд санал солилцсон бөгөөд энэ нь төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тухай хуультайгаа уялдаж байх ёстой гэдэгт ач холбогдол өгчээ.
Энэ талаар бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Ирэх он бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх сүүлийн жил тул үйл ажиллагаа нь тооцоо судалгаатай боловсруулагдах ёстой. Хоосон том зорилтууд ярих биш, тодорхой зүйлүүд дээр анхаарлаа хандуулах, үүнд цалин, тэтгэвэрийг хэрхэн нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрхэн явуулах тооцоо судалгаатай дүгнэлт гаргах нь зүйтэй” хэмээв.
Мөн тэрээр үндсэн чиглэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Тлейханаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан бөгөөд зургаан дэд хэсэгт асуудлыг ангилан хэлэлцэхээр төлөвлөгөө гаргасан. Энэ ажлын хэсгийнхэн зөвхөн хэрэгжих боломжтой саналуудыг л гаргаж ирэх зорилготой бөгөөд ирэх даваа гаригт Засгийн газрын үндсэн чиглэлийг бүлэг эцэслэн шийдвэрлэж УИХ-ын чуулганы хуралдаанд оруулахаар тохиролцсоныг дуулгаснаар бүлгийн мэдээлэл өндөрлөв. Маргаашнаас энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ.
Зохиогчийн эрх "Ардын эрх"