
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. Судалгаагаар хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүдийн найман хувь нь л огт танихгүй хүнд хүчирхийлүүлсэн гэсэн бол 33 хувь нь хойд эцэгтээ, 59 хувь нь хамаатан садан, танил тал, хүмүүстээ хүчирхийлүүлсэн аж. Иймд энэ нөхцөл байдалд дүгнэлт хийх хэрэгтэйг оролцогчид дуулгав. Эдгээр хохирогчдод туслах зорилгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлж Шүүх эмнэлгийн дэргэд “Нэг цэгийн үйлчилгээ” төв ажиллуулах болсон байна. Үүнийг өргөжүүлэх шаардлагатайг хэлэлцээд эдгээр төвийг нийслэлийн есөн дүүрэгт ажиллуулахад 60-70 сая төгрөг шаардлагатай гэх тооцоог гаргасан байна. Оролцогчид гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний төвийн тоог нэмэгдүүлэх, охидын мэргэшсэн эмч бэлтгэх, хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт энэ талын хичээл оруулах шаардлагатай байгаа талаар эрх бүхий албан тушаалтануудад саналаа хүргүүллээ.
Зохиогчийн эрх "Ардын эрх"