
-Туул голын эрэг дагуу элс олборлож байсан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон гэж байсан. Дахин ажиллахгүй гэсэн баталгаа байна уу?
-Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулдаг элс, хайрга олборлодог компаниуд болон зөвшөөрөлгүй барилга барьж байгаа газруудын үйл ажиллагааг зогсоосон. Налайх дүүргийн чиглэлд элс олборлож байсан компанийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай хаасан. Учир нь дулааны улиралд барилга, байгууламжийн ажил өрнөдөг учраас илэрсэн зөрчлийг арилгуулж үйл ажиллагааг нь сэргээсэн гэнэ. Туул голын эрэг дагуу хязгаарлалтын бүс дотор 312 ах ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байсан. Дээрх аж ахуй нэгжүүд голын эрэг дагуу барилга барих, үйл ажиллагаа явуулахдаа тодорхой заасан хэмжээ хязгаарыг зөрчсөн байсан. Ер нь Туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа нь зөвшөөрөл олгосон хүмүүстэй холбоотой гэж бодож байна.
-2008 онд хайрга олборлож байсан 15 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Эдгээр компаниуд нөхөн сэргээлтээ хийсэн байв уу?
-Сүйтгэсэн газартаа нөхөн сэргээлт өгөх үүрэг хоёр жилийн хугацаатай улсын байцаагчийн дүгнэлт өгсөн. Энэ хугацаа энэ сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон. Гэтэл дээрх аж ахуй нэгжээс 14 нь байгалийн нөхөн сэргээлт хийгээгүй . Эдгээр компаниудын сүйтгэсэн газарт биологийн болон техникийн акт гаргуулж, шаардлага биелүүлээгүй учир шүүхэд өгөх шийдвэр гаргасан.
-Нөхөн сэргээлт хийгээгүй талбайг одоо яах вэ?
-Байгалийн нөхөн сэргээлт хийгээгүй 14 аж ахуй нэгжийн хохирлыг тогтоож, улсын байцаагчийн акт гаргуулж шүүхэд өгөхийг үүрэг болгосны дагуу ажиллана. Дээрхи компаниуд өгсөн үүрэг биелүүлэлгүй сүйтгэсэн байхад Хан-Уул дүүргийн Засаг дарга Сонсголонгийн гүүрний баруун талд нөхөн сэргээлт хийх газрыг барилгын хог хаягдлаар дүүргэж дээр нь барилга барьсан зөрчил ч илэрсэн. Элс хайрга олборлодог компаниудыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд төвлөрүүлэх бүрэн боломжтой гэж Мэргэжлийн хяаналтын газраас дүгнэсэн. Учир нь хүнд даацын машинаар элс хайрга олборлох нь замын ачаалал сөргөөр нөлөөлж, эвдрэлд оруулдаг.
-Ундны усны эх үүсвэрийн бохирдол буураагүй байна гэж байсан?
-“Улаанбаатар төв цэвэрлэх” байгууламж Туул голыг цэвэрлэх зорилгоор 1,7 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл үр дүнд хүрсэн зүйл өнөөдөр алга байна. Туулыг цэвэршүүлсэн гэж ярьж байгаа ч газар дээрээ хромтой, циклтэй ус урссаар байна. Төсөл туршилт хэрэгжүүлж байна гэхээс илүү зүйл хийж чадахгүй байна. Туул гол хэвийн хэмжээнээс 8-12 дахин их бохирдолттой байна гэж гарсан.
-Зөвшөөрөлгүй барилга барьж байсан хоёр компанийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн үү?
-Сонсголонгийн гүүрний дэргэд “Пума” констракшн 54 га газарт шинэ гэр хороолол барьж байгаа. Гэтэл энэ нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй. Мөн зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Суруго Монгол” ХХК үйл ажиллагааг зогсоосон байна. Эдгээр аж ахуй нэгжид Эрдэс баялаг эрчим хүчний яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам гээд холбогдох яамдууд зөвшөөрлийг нь олгодог. Ер нь бол зөвшөөрлийг дарга нар өгдөг. Цуцлах эрхийг нь ч бас тэд өгнө. Ямар нэг байгууллагыг торгоод, хаагаад өнгөрөхдөө биш харин үр дүнд хүрэх хэрэгтэй байна. Зарим нь зөвшөөрөл өгч байхад зарим нь аврах гээд явж байна. Энэ байдлыг өөрчилж бодлоготой шийдвэр гаргах хэрэгтэй байна.
Ш.ЧИМЭГ
Зохиогчийн эрх "Ардын эрх"