Ээж ээ, би тандаа хайртай

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Ээж ээ, би тандаа хайртай

Наймхан настай Лхагвамаа охины биед
эрүүл газар үгүй, толгойных нь хэгз, яз цохигдсон шарх идээлэн шархалж,
үс нь хэсэг хэсгээрээ зул­гаран унасан байжээ. Бяцхан охины нэг гар нь
гурав, нөгөө нь нэг хугарч, мурий хэвээрээ бороолон эдгэрчээ. Охиныг гар
хэд хэд хугарчихаад байхад хэн ч тусламж үзүүлсэнгүй, яагаад гэвэл
мэдээгүй болохоор. Дунд сургуулийн багш нь хэд хоногийн турш гараа
хөдөлгөж чадахгүй суугаа охиныг анзаарч асуухад “Зүгээр ээ” гээд
өнгөрдөг байж. Өдөр болгон бялба нүддэг ээждээ хайртайдаа юу эсвэл,
дахиад л зодуулж магадгүй гэж айсандаа юу, бяцхан биеэрээ туулсан
зовлонгоо нуудаг байжээ. Түүний ээж 27-хон настай бүсгүй найман нас­тай
үрээ өдөр өнжилгүй зодон тарчлаадаг, бүр сандал бариад нүддэг байсан аж.
Өдөр бүр бяцхан охины “Ээж ээ, намайг битгий зодооч ээ, би дахиад
тэгэхгүй ээ” гэж чарлах дууг сонсч тэвчээгүй хөрш айлынхан нь
цагдаагийнхан болоод телевизийнхэнд ханджээ. Цагдаагийнхан охиноос
яагаад гэмтсэнийг асуухад үнэнийг нуун “Морин дээрээс унаад…” гэж
булзаа­руулах ч далдчин нулимс асга­руулж байсан гэдэг.

Найман настай Лхагвамаа охин өдөр болгон ээжийнхээ зодуурыг амсч, өвлийн
дүн хүйтэнд, цэл хөлдүү гэртээ таван настай дүүгээ дулаан хувцсаар
хучин ээжийгээ хүлээн суудаг байж. Хажуу айл, хороо хорины шаардлагаар
хожуухан ч гэсэн сургуульд орсон ч хугарсан гараа багшаасаа нууж, хөх
няц, улаан зулга болсон зодуурын ул мөрийг “Гэр дээрээсээ уначихсан”
гэхчилэн аргалдаг байжээ. Үеийнхээ хүүхдүүдийг тоглон шуугилдаж бай­хад
ганцаараа нурмайн суудаг охин хичээлийнхээ дэвтрийнхээ ар талд хугарсан
гараараа “Ээж ээ, би танд хайртай” гэж мурий сарий бичсэн байсан гэсэн.
Хэчнээн ч зодсон гэсэн ээждээ хир халдаахгүй өмгөөлж, чад­лын­хаа хэрээр
гэрийнхээ ажлыг хийж, дүүгээ асардаг байж.

Харамсалтай нь, цагдаагийнхан охи­ноо тарчлаасан ээжийг байцааж эхлэхэд
залуу ээж охиноо аваад алга болчихсон. Дараа нь ганцаараа гэртээ ирэхдээ
охиноо хөдөө хамаатнуудынх руугаа явуулсан гэж өчжээ. Зүрх шимш­рэм ийм
түүхийг сонссон “Өдрийн сонин”-ы сурвалжлагч “…олчих л юм сан охиныг
амьд дээр нь…” гэж халаглан бичиж байсан юм. Айхын учир охины амийг
хөнөөчихөөгүй байгаа гэсэн битүү айдас хэн хүнд төрөөд байсан хэрэг.
Тэгвэл баяртай мэдээ дуулгахад охиныг амьд мэнд олжээ. Бүсгүй хүн юм
гэсэндээ  Нийгмийн хам­гаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди охины талаар
сураг ажиг тавьж нийслэлийн нэгэн дүүрэгт айлд байхад нь Лхагвамаа
охиныг олжээ. Одоо охин таван настай дүүтэйгээ Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн яамны харьяа асрамжийн төвд ирээд байгаа. Охиноо яагаад
ингэж эх хүнээс гарамгүйгээр харгисалж байсныг чөтгөр бүү мэд, лав л
тэрсхэн дүүг нь огт зоддоггүй байсан бололтой юм билээ.

Дашрамд дурдахад хүнд хэцүү амьдралтай хүүхдүүдийн талаар өгүүл­сэн
“Гэртээ харих замд” нэвтрүүлгийн дагуу энэхүү асрам­жийн газрыг
бай­гуулсан бөгөөд Лхагвамаагийн адил хүнд хэцүү амьд­­­­ралыг туулсан
хүүхдүүд гэртэй болоод байгаа. Лхагвамаа ердөө ур­жиг­дархан энэ төвд
ирсэн. Ээждээ зодуулан гөвшүүлж байхдаа нурмайсан үүлгэрдсэн гэмээр
дорой байсан охи­ны нүд өнөөдөр цовоолгоор гэ­рэл­­тэж байна. Өчигдөр
тус төвд очиж охинд ном бэлэглэсэн зохиолч Б.Шүүдэрцэцэгийн хэлснээр бол
тун ч цовоолог охин харагдаж байна гэнэ. Хэдийгээр дууны үг ердөө
мэдэхгүй ч бусад хүүхдүүдийг даган дуу аялж, бүр “мисс”-ийн алхаагаар
алхаж бай­на гэсэн. Бие нь зодуурын шархаар дүүрэн ч, хэд хэд хугаран
мурий тахир болсон гар нь шинэхэн цамцны цаанаас төдийлөн анзаарагдахгүй
байгаа охин таван настай дүүтэйгээ хөгжилдөн тоглож байна гэсэн.

Яамай даа, зовсон хөөрхий охин ядахдаа сайн санаатай хүмүүсийн гарт
очиж. Охиныг хайж олсон Т.Ганди сайд болон урам хайрласан зохиолч бүсгүй
Б.Шүүдэрцэцэгийг бурхан ивээг. Бас Лхагвамаа охин, түүний дүү,
Монголын, дэлхийн мянга мянган үрсийг бурхан ивээг.  
 
Маргааш Эх үрсийн баяр. Лхагвамаа, түүнтэй адилхан бяцхан үрсийн хэн ч
дахин ийм зовлон бүү амсаасай билээ. Лхагвамаа охин минь энэлэл
зовлонгоо мартаад үргэлж инээд хөөртэй аз жаргалтай амьдраарай. Хүний үр
л юм болохоор тэр бас ээж­тэй­гээ л байхад жаргалтай гэж боддог байх
даа, хөөрхий.

А.АЛТАНТУЯА


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж