’’Б.Хурцын оронд Жереми Брауныг баривчилъя”

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

’’Б.Хурцын оронд Жереми Брауныг баривчилъя”

Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны төрийн сайд Жереми Браун манай улсад удахгүй айлчлах юм гэнэ. Манай улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргыг баривчилчихаад шүүгээд байхад бид яагаад Англи улсын гадаад харилцааг нь хариуцсан сайд Жереми Брауныг нь баривчилж болохгүй гэж.

Б.Хурц Д.Энхбатыг Францаас зохион байгуулалттай хулгайлж ирсэн гэж Англи улс Б.Хурцад дипломат виз олголгүй энгийн буюу бизнес виз зохион байгуулалттай олгож баривчилсан. Үүнийг манай тал шүүх хурал дээр гаргаж тавьсан. Гэтэл Англи улс "Тухайн иргэн ямар визээр зорчих нь түүний эрх. Энэ виз дээр Б.Хурцын гарын үсэг байна" гэх тайлбар тавиад анхан шатны шүүхийн шийдвэр Английн талд гарсан билээ.

Тэгвэл манайх Жереми Браунд бизнес виз олгочихъё л доо. Тэгээд ирэхээр нь бариад авъя. Англи улс "Манай хүнийг баривчлах гэж байна" гэж айгаад Жереми Брауны айлчлалыг цуцлуулбал сайн л биз. Учир нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргыг баривчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрийн талдаа гаргачихаад Жереми Браун манай улсад айлчилж байгаа нь хардалт төрүүлээд байгаа юм.

Тодруулбал, манай улсад Английн ямар эрх ашиг байна гэх бодол төрж байна. Тиймгүй бол Б.Хурцыг эртхэн Франц улс руу шилжүүлчих хэрэгтэй. Тэгээд манай улс Францтай учраа олъё л доо. Гэтэл хар хүний төлөө шар хүн гэдэг шиг Франц манай улс хоёрын хооронд яригдах асуудлын дунд Англи улс орж ирээд шогтоод байгаа нь сонирхол татаад байгаа юм. Гэхдээ манайханд бас нэлээд төвөгтэй асуудлууд байдаг юм шиг.

Шууд хэлэхэд Б.Хурцыг эх оронд нь авчрах сонирхол лав хэнд ч байхгүй юм байна. Гадаад харилцааны сайд Б.Болор " Б.Хурцад холбогдох хэрэг улсын нууцад хамаарагдах хэрэг. Бид түүнийг эх оронд нь авчрахаар завгүй ажиллаж байна" гээд байгаа. Гэтэл яагаад Б.Хурцыг эх оронд нь авчрахын тулд түүнд холбогдох хэргийн улсын нууцыг задлах талаар яригдахгүй байгаа нь сонин. Мэдээж хэрэг шүүх хурал дээр Б.Хурцаас "Чи яагаад Д.Энхбатыг хулгайлсан юм бэ" гэхэд нь Б.Хурц "Энэ бол манай улсын нууц" гэж таарна. Цаадуул нь ч ""Тэгвэл эх орон руугаа яв даа" гэж хэлэхгүй биз.

Улсын нууцыг задлах талаар Төрийн нууцыг хамгаалах тухай хуульд ""Төрийн нууцыг ил болгохдоо тухайн нууцыг УИХ-ын шийдвэрээр төрийн хамгаалалтад гаргах бөгөөд Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Ерөнхийлөгчийн шийдвэрээр тухайн нууцыг ил болгоно" гэсэн утга бүхий зүйл заасан байдаг юм билээ.

Гэтэл энэ талаар яригдахгүй байгаа нь Б.Хурцыг эх оронд нь авчрах сонирхолгүй байна гэж дүгнэхэд хүрээд байгаа юм. Түүнчлэн Б.Хурц золиосны хүн гэдгийг учир мэдэх зарим нь хэлдэг юм билээ. Тэгээд түүнтэй уулзах гэсэн хүнд виз гаргаж өгдөггүй юм гэсэн. Хэрэв манайхан Б.Хурцыг эх орондоо авчрах чин хүсэлтэй бол хулгайлаад ч гэсэн аваад л ирнэ. Гагцхүү энд сэтгэл дутаад байх шиг. Гэтэл үүнийг далимдуулаад Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны төрийн сайд Жереми Браун гэгч манай улсад ирэх гээд байгаа сонин байна.

Манай хүнийг барьж хорьчихоод тавьж явуулахгүй гүрийгээд байгаа их гүрнийхэн сайдыг нь барьцаалчихвал яах бол гэдэг нь сонин байна. Юу ч гэсэн баривчлаад үзэх үү, яах уу. Шүүхийн шийдвэрт эергээр нөлөөлөх ч юм бил үү. Б.Хурц буруутай байж болно, эх оронд нь авчраад шүүж яагаад болохгүй гэж. Түүний шүүх хурал ирэх сарын сүүлчээр товлогдсон бөгөөд нэмэлт баримт шаардлагатай хэмээн үзэж саяхан болсон шүүх хурлаас шийдвэр гарсан.

Тэгвэл нэмэлт баримтыг цуглуулах, ямар нэгэн юм шиншлэхээр Жереми Брауныг Монгол руу илгээсэн ч байж болох юм. Манайхан харин барьж барьцаалж сүрийг үзүүлэхийн оронд улсынхаа хамаг нууцыг задалж элийрцгээх вийдээ. Английн сайд Б.Хурцын асуудлаар бус өөр ажлаар ирнэ гэж манай албаны хүмүүс тайлбарлаад хэзээ Монголд ирүүлэх талаар нь хариу өгөөгүй гэж байсан. Жереми Браун зүгээр ч нэг Монгол руу тэмүүлээгүй л байх шүү. Нэмэлт баримт түүний гол ажил байхаас зайлахгүй л болов уу. Юу ч гэсэн ирвэл ч ирэг.

Д.Сүх


Зохиогчийн эрх:
“Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж