
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлан хуралдууллаа. Хэвлэлийн хурал зарлан хуралдуулах болсон шалтгаанаа Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны Ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар танилцуулахдаа “Бид Ерөнхий сайд С.Батболдод 2011 оны нэгдүгээр сарын 25-нд албан шаардлага хүргүүлсэн. Хот суурин газарт оршин сууж буй гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бий болгох эрх зүйн орчинг бий болгох, байгалийн баялгаас олж буй орлогоос иргэдээ байртай болгоход зориулахыг уг шаардлагадаа тусгасан. Уг шаардлагынхаа хүрээнд гэр хорооллынхоныг уриалж гуравдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр ирж гарын үсгээ зурцгаах уриалга гаргасан. Гэсэн хэдий ч Нийгмийн Ардчилал залуучуудын холбооны гишүүн болох Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай гэгч “Сүхбаатарын талбайд манай залуучуудын холбооныхон долоо хоногийн хугацаатай түрээсэлсэн тул та бүхэнд боломж олдохгүй нь” гэсэн хариу өгсөн. Иймд гэр хорооллыг орон сууцжуулах эрх зүйн орчныг бий болгохын төлөө тэмцлээ улам өргөтгөхийн тулд хэвлэлийн бага хурал зарлан хэвлэлийн байгууллагынханд мэдэгдлээ” гэв. Мөн гуравдугаар сарын 8-нд хэвлэл мэдээллийнхний өмнө ирж гэр хорооллыг орон сууцжуулах боломжийн талаар халз мэтгэлцээнд дуудахаар болсон талаараа энэ үеэр танилцуулсан.
Б.Мандах