
С.Батболд танаа:
Монгол Ардын Нам /МАХН/-ын 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гудамж талбайн самбараар МАН-ын түүх үргэлжилсээр, бүтээснээсээ ихийг бүтээнэ, ард түмэндээ баярын мэнд хүргэе гэхчилэн үргэлжилсэн зар сурталчилгаа явсаар байна. Коммунист нийгмийн 70 жилийн тогтолцооны жилүүд, ардчилсан нийгмийн 20 жилийн хугацаанд танай нам төр засгийн эрхийг тасралтгүй 86 жил барьж ирлээ. Энэ хугацаанд БНМАУ-ын болон Монгол Улсын Үндсэн хуулийг 4 удаа баталж хэрэгжилтийг хангуулж ирсэн ч энэхүү 90 жилийн хугацаанд бүхий л үндсэн хуулиудаа цусаар будаж, хагацал өнчрөл, нулимс хорслоор дүүрэн өнгөрүүлснийг түүхийн шарласан хуудсууд өгүүлсээр ирсэн билээ.
Үүнд:
- 1922 онд Ардын засгийн ерөнхий сайд Д. Бодоо нарыг буудан хороосон.
- 1924 онд МАН-ын анхны дарга С. Данзан нарыг буудан хороосны дараа цуст анхдугаар үндсэн хуулиа баталсан.
- 1932 онд МАХН болон Ардын засгийн газраас 10 шахам жил хэрэгжүүлсэн эдийн засаг, нийгмийн бодлого, ноёд ихэс дээдэс, лам, сүм хийдийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг эсэргүүцсэн ард түмний бослогыг цэрэг, зэвсэг техникийн хүчээр нухчин дарж олон мянган хүнийг хоморголон устгасан. /2012 онд ард түмний тэмцэл бослогын 80 жилийн ой болно/
- Бодоо, Данзангаас эхэлсэн улс төрийн аллага 1940-өөд он хүртэл үргэлжилж, гэм зэмгүй малчин ард, жирэмсэн эмэгтэйчүүд, лам хуварга, төр нийгмийн зүтгэлтнүүд, цэргийн дарга, байлдагчид зэрэг нийгмийн бүхий л давхаргыг хамарч Монголын ард түмнээс наад зах нь 40-өөд мянган хүний халуун амийг бүрэлгэжээ.
- Сэхээтний төөрөгдөл, намын эсрэг тэрс үзэлтэн зэрэг нэр хочийн дор тухайн үедээ нийгмийн амьдралыг арай өөр өнцгөөс харж Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө зүтгэж явсан шилдэг боловсон хүчин, сэхээтнүүдийг 1990 он хүртэл намын гишүүнээс хөөх, нутаг заан цөлөх, ажил амьдралгүй болгох, үр хүүхэд, ах дүүсийг нь хавчин гадуурхаж, хог шавхруу мэтээр нийгэм хамт олны дунд гутаан доромжилж хэлмэгдүүлсэн.
- 1990 оноос хойш хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах байдал туйлдаа хүрч, 1992 онд батлагдсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн хүний амьд явах эрхийн тухай заалтыг бүдүүлгээр зөрчин 2008.07.01-ний өдөр 5 залуугийн амь насыг бүрэлгэн шинэ Үндсэн хуулиа дахин цусаар будлаа.
МАН-ын 90 жилийн хугацаанд үйлдсэн гэмт үйлдлийн зарим хэсгийг товч дурьдлаа. Иймд гэмт үйлдлүүдээ ухааран сэхээрч, намын нэрээ сольж шинэчлэгдэж байгаа нам гэдгээ харуулах үүднээс амь насыг нь бүрэлгэн сүйтгэсэн, хэлмэгдүүлэн тарчлаасан бүхий л хүмүүс, тэдгээрийн хань, үр хүүхэд, ураг төрөл, Монголын нийт ард түмнээс уучлал гуйн бөхийхийг шаардаж байна. Үүний дараагаар намынхаа баярыг тэмдэглэн цэнгэж наадах нь та бүхний хэрэг ээ.
- Монгол Ардын Нам цусаар бичигдсэн түүхээ үргэлжлүүлсээр байх уу?
- Бүтэлгүй бүхнээр дүүрэн бүтээснээ улам ихээр бүтээнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ?
- Ард түмэндээ баяр хүргэж болно Ардын гэдэг үгийг намынхаа нэрэнд оруулсан нам ард түмнээсээ уучлал гуйвал яасан юм вэ?
- Дээрхи хариуцлагыг хэн хүлээх вэ?
Тухайн үе бүрт төр засгийн эрхийг барьж байсан МАН /Монгол Ардын Хувьсгалт Нам/ хариуцлагыг дангаараа хүлээж уучлал гуйхыг дахин шаардаж байна