Цэнхэр дуулгатнуудад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Цэнхэр дуулгатнуудад хүндэтгэл үзүүллээ

“НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг дэлхийн улс орнууд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд цэрэг дайчдаа илгээн даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа манай улс ч энэ өдөр цэнхэр дуулгатнууддаа хүндэтгэл үзүүлэв. 

Их жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон “НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо.

Монгол цэргүүд энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцох болсон нь Зэвсэгт хүчний шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцын түүхэн ололтуудын нэг. Монгол цэрэг мэргэжлийн ур чадвар, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадавхи, бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэлжилтээрээ ямагт манлайлж ирсэнд бахархаж байна гэж тэрбээр хэлсэн үгэндээ онцоллоо.

Монгол Улсын энхийн үйлсэд оролцсон цэргийн тоог хүн амтай нь харьцуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орны нэг болж чадсан. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсч, гадаад харилцаа улам бүр нээлттэй, чөлөөтэй болж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэв.
Гадаад оронд, амаргүй нөхцөлд үүргээ гүйцэтгэсэн, гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчидаа Монголын төр урамшуулан шагнасаар ирсэн. Цаашид ч тэднийхээ хийсэн бүтээснийг үнэлэх, үйл хэргийг нь алдаршуулах, ажлын орчин нөхцөл, зэвсэг техникийг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.     
Мөн Монгол Улсын байр суурийг анхнаас нь дэмжиж хамтран ажилласан НҮБ болон батлан хамгаалах, цэрэг техникийн салбарт хамтран ажилладаг улс орнуудад талархлаа илэрхийлээд энхийг сахиулагчид, тэдний гэр бүл, энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсон бүх хүнд Засгийн газрын нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

 Дараа нь тэрбээр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэсэн цэрэг, дайчдад төрийн одон, медаль гардуулж, батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Манай цэргийн 5000 гаруй албан хаагч Конго, Баруун Сахар, Ирак, Афганистан, Косово, Сьерра-Леон, Гүрж, Этиоп-Эритрей, Чад, Судан зэрэг улсад үүргээ нэр төртэй гүйцэтгээд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  
 
НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
УИХ-ын дэд дарга, гишүүд ээ,
Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа,
Энхийг сахиулагч цэрэг дайчид аа,
Хатагтай, ноёд оо,
Та бүхэндээ “НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн баярын мэндийг хүргэн мэндчилж байна.

Манай улс энхийг эрхэмлэгч, энхийн төлөөх улс орон билээ. Монголын төр, ард түмэн энхийг сахиулагч эрэлхэг хөвгүүдээрээ бахархаж, хүндэтгэж ирсэн. Энэ жил Монгол Улсын Батлан хамгаалах яамны 100 жил, Зэвсэгт хүчний 90 жилийн түүхэн ой тохиож байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхэн маань эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баттай хамгаалж ирсэн бахархам сайхан намтар, түүхтэй. Энэ бахархам түүхээ даян дэлхийн амар амгалан, аюулгүй байдлын төлөөх энхийг дэмжих ажиллагаанд оруулсан хувь нэмрээрээ баяжуулсаар байна.

Монгол цэргүүд энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцох болсон нь Зэвсэгт хүчний шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцын түүхэн ололтуудын нэг юм. Өнгөрсөн хугацаанд Конго, Баруун Сахар, Ирак, Афганистан, Косово, Сьерра-Леон, Гүрж, Этиоп-Эритрей, Чад, Судан зэрэг дэлхийн 3 тивийн 10 гаруй улсад манай 5000 гаруй цэргийн албан хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ. Монгол цэргийн ур чадвар, тэсвэр тэвчээр, хатуужил дэлхийн хэмжээнд үнэлэгдлээ. 

Монгол Улсын энхийн үйлсэд оролцсон цэргийн тоог хүн амтай нь харьцуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орны нэг болж чадсан. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн нэмэгдэж, гадаад харилцаа улам бүр нээлттэй, чөлөөтэй болж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Өнөөдөр Монгол цэрэг мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадавхи, бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэлжилтээрээ ямагт манлайлж ирсэнд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бахархалтай байна. Монголын төр гадаад орны амаргүй нөхцөлд үүргээ гүйцэтгэж ирсэн энхийг сахиулагчидаа урамшуулан шагнасаар байх болно. Цаашид ч бид энхийг сахиулагч цэргийн алба хаагчдынхаа хийсэн бүтээснийг үнэлэх, үйл хэргийг нь алдаршуулах, ажлын орчин нөхцөл, зэвсэг техникийг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх талаар тодорхой бодлого хэрэгжүүлнэ.  

Олон улсын энхийн хүчин чармайлтын талаархи Монгол Улсын байр суурийг анхнаас нь дэмжиж хамтран ажилласан НҮБ болон батлан хамгаалах, цэрэг техникийн салбарт хамтран ажилладаг улс орнуудад гүн талархал илэрхийлье.

Эх орныхоо нэрийн хуудас болж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн нийт энхийг сахиулагчид, тэдний гэр бүл, энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсон бүх хүнд Засгийн газрынхаа өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсынхаа төлөө, даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэж буй энхийг сахиулагчдийн маань суу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай.
Сүхбаатарын талбай.                           

                            2011.05.28

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж