Цэнхэр дуулгатнуудад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Цэнхэр дуулгатнуудад хүндэтгэл үзүүллээ

НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд цэнхэр дуулгатнуудад хүндэтгэл үзүүлсэн баярын жагсаал боллоо. Энэхүү жагсаалд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоны зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний 014, 015, 013, 016, 119, 120, 323 дугаар ангийнхан жагсч тэдэнд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү хүндэтгэлийн жагсаалд биечлэн оролцож, цэнхэр дуулгатнуудад баяр хүргэлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баттай хамгаалж ирсэн дайчин уламжлалаа залгамжлан олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх хүн төрөлхтний шударга, ариун үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн энхийг сахиулагч эрэлхэг хөвгүүдээрээ Монгол Улсын Засгийн газар бахархаж, гүнээ хүндэтгэж байдгаа баярын энэ өдөр илэрхийлэхэд тун таатай байна” гэсэн юм. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд болон Засгийн газрын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцлоо.

Дашрамд сануулахад, Монгол Улс нь 2002 онд Конго улсад анхны ажиглагчаа илгээж байсан түүхтэй аж. Ингэснээр өнгөрсөн есөн жилийн хугацаанд гурван тивийн 10 гаруй улсад 5100  цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж