
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 30-наас ирэх зургадугаар сарын 3-ны хооронд ОХУ-д айлчлал хийх болсонтой холбоотойгоор Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өчигдөр зарлан хуралдуулжээ. Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг ОХУ-д айлчлах үеэр хэлэлцэж тохирсон зарим тодорхой асуудлыг дахин нэг шат ахиулах шаардлага байгаа тухай хөнджээ. Тодруулж хэлбэл, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд хойд хөрш манай талаас хөрөнгө гаргахыг хүлээлгүйгээр 125 сая ам.доллар гаргахаа мэдэгдсэн юм. Тиймээс энэ асуудлыг ажил хэрэг болгох талд айлчлалын бүрэлдэхүүнд багтсан сайд нар ажиллах үүрэг хүлээжээ. Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг дэх Монголын хувь хэмжээг 51 хувьд хүргэх асуудлыг ч дахин тавихаар болсон аж. Уг нь энэхүү 1949 оны гэрээнд өөрчлөлт оруулж Монголын талын хувь эзэмшлийг 51 хувьд хүргэх асуудлыг 2010 онд багтаан шийдвэрлэхээр хоёр тал ажиллаж байна гэсэн мэдээллийг өнгөрсөн онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд хэвлэлийнхэнд өгч байсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж чадаагүй байгаа билээ. Түүнчлэн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хөндсөн хоёр дахь чухал асуудал нь дизель түлш татах тухай асуудал байсан аж. Холбогдох сайд нарын мэдээллээр бол энэ асуудал одоо ч бэрхшээлтэй хэвээр буй юм байна.
Гурав дахь асуудал нь Монгол, Оросын иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой аж. Энэ асуудлын хүрээнд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэнд олгохоор болжээ. Хэлэлцээр байгуулснаар хүлээн авагч улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүн тухайн улсын гадаадын иргэдтэй холбогдолтой хууль тогтоомж, хоёр тал нэгдэн орсон олон улсын гэрээнүүдэд заасан эрх, эрх чөлөө, эрх зүйн хамгаалалт эдэлнэ. Мөн хүлээн авагч улсын хууль, тус улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэд оршин суух зэрэгтэй холбоотой хүлээх үүргийг ч хэлэлцээрийн төсөлд тусгасан байна. Иргэд хүлээн авагч улсын хууль, тогтоомжийн дагуу зөвхөн мэргэжлийн боловсрол буюу тусгай мэргэжил шаардах ажил хийх тохиолдолд тэдний боловсролын баримт бичгийг хүлээн авагч улс өөрийн орны боловсрол, мэргэжлийн бичиг баримттай адилтган хүлээн зөвшөөрөх юм байна. ОХУ-ын Шилжин суурьшилтын албанаас гаргасан мэдээгээр 2009 онд Монгол Улсын 46 мянга гаруй иргэн ОХУ-ын хил нэвтэрсний 76 хувь нь тус улсын холбогдох байгууллагад бүртгүүлжээ. 2010 онд ОХУ-ын 771, энэ оны тавдугаар сарын байдлаар 819 иргэн Монгол Улсад зохих хууль тогтоомж, зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгаа гарчээ.
Энэ нь иргэдийн шилжих хөдөлгөөн хоёр улсын нийгэм, эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байгаа учир тэдний эрхийг хангахад чиглэсэн зохицуулалт бий болгох шаардлагатайг харуулж байгаа хэрэг гэж үзсэн юм байна.
Г.Дарь