
Өмнөх жилийн Каннын наадмын шүүгчдийн ерөнхийлөгчөөр “Хайчин гарт”, “Алисиа гайхамшигийн оронд”, “Чарли ба шоколадны үйлдвэр” зэрэг олон гайхалтай бүтээлээрээ алдаршсан нэрт найруулагч Тим Бартон ажиллаж байсан бол энэ жил жүжигчин Роберт Де Ниро ажиллахаар сонгогджээ. Үзэгчид түүнийг “Загалмайлсан эцэг”, “Америкт нэг удаа”, “Таксины жолооч” зэрэг дүрүүдээр нь андахгүй.
Францын кино бүтээгч Мишель Гондри богино хэмжээний кино шүүх багийг ахлах бол “Шилдэг залуу найруулагч”-ыг шалгаруулах шүүгчдийн багийг Өмнөд Солонгосын найруулагч Мон Жун Хо тэргүүлэхээр болжээ.

Энэ жил наадмын хамгийн том шагнал болох “Алтан далдуу мод”-ны төлөө 19 кино өрсөлдөж байгаа ба дэлхийн олон орны нэртэй найруулагчид бүтээлээ ирүүлээд байгаа аж. Тэдгээр “хүнд жингийн” найруулагчдаас дурьдвал Даниин найруулагч Ларс фон Триер, Туркийн найруулагч Нури Бильге Жейлан, Бельгиин найруулагч ах дүү Дарденн, Финляндын найруулагч Аки Каурисмяки, Италийн найруулагч Нанни Моретти болон Францын найруулагч Раду Михайлеану нар хүчээ үзэх гэж байна.
Кино наадмын зохион байгуулагчдын тэргүүлэгч Тьерри Фремо өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Энэ жилийн кино наадам маш баялаг бас үр өгөөжтэй байх болно. Фестивалд оролцохоор илгээж байгаа материалын тоо өмнөх жилийнхээс өсөж, илүү олон орныг хамарч чадсан. Кино фестивалийн нэр хүнд хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж байгаад туйлаас баяртай байна” гэжээ.
Харин фестивалийн ерөнхийлөгч Жиль Иаков “Бид цаашдаа iPad, iPod болон бусад гар утасны хэрэгслээр кино хийх, түүнийг чанаржуулах тал дээр анхаарч ажиллах зорилготой байгаа” хэмээгээд “Кино урлагийн ирээдүй, тэр тусмаа кино театруудын цаашдын хөгжлийн талаарх асуулт урган гарч ирж байна. Одоо үед хүмүүс компьютер, лаптоп зэргээр кино, видео үзэх нь маш ихэссэн. Тиймээс өргөн дэлгэцийн хүний сонирхлыг татахуйц уран бүтээл хийх шаардлагатай байна. Мөн технологийн хөгжилтэй хөл нийлж, шинээр гарч ирж байгаа бүхнийг кино бүтээгчид маань ашиглахыг бүх талаараа дэмжиж ажиллах зорилготой байгаа” хэмээн ярьжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн амьдралыг харуулсан уг киноны гол дүрд нэрт жүжигчин Шон Пенн, Жорж Клуни, Жон Траволта болон Адриан Броуди, Жим Кэвизел, Бен Чаплин нар тоглосон юм. Уг киног дайны тухай өгүүлсэн эдүгээ цагийн хамгийн шилдэг кино хэмээн мэргэжилтнүүд дуу нэгтэй өргөмжилж, Оскарт долоон төрлөөр нэр дэвшсэн билээ.
Ийнхүү кино урлагтаа эргэн ирснээс хойш найман дэлгэцийн бүтээл туурьваад байгаа ба хоёр кино нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа юм. Терренс Малик нь энэ жилийн Каннын наадмын хүчтэй өрсөлдөгч нарын нэгээр хамгийн эхэнд нэрлэгдээд байна.
Харин дараагийн хүчирхэг өрсөлдөгчөөр Испанийн найруулагч Педро Альмодовар бичигдэж байна. Тэрбээр энэ жил гол дүрд нь нэрт жүжигчин Антонио Бандерас тоглосон "The Skin I Live In" киногоо сойгоод байгаа. Уг кинонд шинэ арьс бүтээж эхнэрийнхээ амийг аврахыг хичээж буй гоо сайхны мэс засалчийн тухай өгүүлдэг аж. Аймшгийн жанрын уг кино 10 сая еврогийн өртгөөр бүтжээ.
Педро Альмодовар 1999 онд “Шилдэг найруулагч”, 2006 онд “Шилдэг кино зохиол” төрлүүдээр Каннын наадмаас шагнал хүртсэн шилдэг оролцогч юм.
Кино наадмыг нээх "Midnight in Paris" кинонд Францын тэргүүн хатагтай супермодел Карла Бруни тоглосон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаад байгаа юм. Хэдийгээр гол дүрд тоглоогүй ч чамгүй хэсэгт түүний дүр гардаг гэнэ. Уг кино бас л хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр нэрлэгдээд байна.
Дашрамд сануулахад, өнгөрсөн жилийн "Алтан далдуу мод"-ны эзнээр Тайландын найруулагч Апичтпонг Верасетакул "Өнгөрсөн амьдралаа дурсаж буй Бунми ах" киногоороо шалгарсан билээ.
Н.Наран