
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдааныг завсарлуулахын өмнө Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд ноос, ноолуурын салбарыг дэмжих хүрээнд 110 тэрбум төгрөгийн бонд гаргахаар тусгасан байсан ч Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн төвшинд 300 тэрбум төгрөгт хүргэх санал гарч байнгын хороо дэмжсэн байсныг чуулганы нэгдсэн хуралдаанаас мөн дэмжсэн юм. Ингэхдээ 300 тэрбум төгрөгийн бондыг таван жилийн хугацаатай гаргахаар заасан байлаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын тайлбарласнаар бол бондын хэмжээг нэмэгдүүлсэн нь зөвхөн ноолуурын салбараар зогсохгүй ноосны салбарыг дэмжинэ. Нөгөөтэйгүүр, малчдыг дэмжих бодлого давхар суусан. Одоогийн байдлаар ноос хөдөөд ямар ч үнэ цэнэгүй байгаа аж. Тиймээс сум бүрт ноос худалдан авах цэг ажиллуулж, түүнд ноосоо тушаасан малчинд нэг кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгохоор болж заалт тусгаж өгсөн байна.
Г.Дарь