
Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 13.30 цагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хүүхэд бүр инээж байг” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэ үзэсгэлэнд ард түмний эгэл баатар, зураач Д.Эрдэнбатын ивээн тэтгэж сургасан эмзэг давхрын хүүхдүүдийн уран бүтээлүүдийг дэлгэн тавьж буйгаараа онцлогтой юм. Тус үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн хорооноос дөрөв дэх жилдээ дэмжин танхимдаа нээж буй. Эл үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны сайд Д.Зоригт оролцож, тэдгээр бяцхан уран бүтээлч хүүхдүүдэд баярын бэлэг гардуулан, шилдэг уран бүтээлийг шалгаруулан урамшуулах ажээ. Харин 14.00 цагт тус үзэсгэлэнгийн танхимд ардын уламжлалт урлаг болох эсгий урлалын уран бүтээлчдийн “Ноосны өнгө” үзэсгэлэн нээгдэх юм байна. Ийнхүү өнөөдөр хоёр өөр үзэсгэлэн нээлтээ хийх тул та бүхэн тухлан саатаарай.
Г.Даша