Улаанбаатарт Өмнөговийн соёлын өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт Өмнөговийн соёлын өдрүүд болно

Өмнөговь аймгийн соёлын өдрүүдийг нийслэл Улаанбаатар хотноо 25 жилийн дараа дахин зохион байгуулах гэж байна. Өнөөдөр “Монгол ньюс” хэвлэлийн төвд Өмнөговь аймгийн удирдлага, соёл урлагийн байгууллагын төлөөллийнхөн энэ талаар мэдээллээ.

Соёлын өдрүүд энэ сарын 29-нд 11.00 цагт Сүхбаатарын талбайд “Говь түншлэл-2011” үзэсгэлэнгээр эхлэх аж. Үзэсгэлэнд тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг аж, ахуйн нэгж компаниудын бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааг олон нийтэд дэлгэн харуулна. Нийгмийн түншлэлийг бий болгоход чиглэсэн “Говь түншлэл-2011” үзэсгэлэн ням гаригт Сүхбаатарын талбай, Соёлын төв өргөөнд 10.00-14.00 цагийн хооронд үргэлжлэх юм. Харин говийн дархан урчууд, уран бүтээлчдийн “Өмнийн цэнхэр говь” уран зургийн болон угсаатны зүйн үзэсгэлэн энэ сарын 29, 30-нд Уран зургийн галерейд болно. Тус үзэсгэлэнгийн онцлог нь 150 гаруй жилийн түүхтэй Ноён сэврээ хийцийн мөнгөн эдлэлүүдийг нийтэд дэлгэн харуулах гэнэ. Үзэсгэлэнд ардын урлалын бүх салбарын болон соёлын өвийн үнэт бүтээлүүд гээд 400 гаруй үзмэрийг нийслэлийн иргэдэд толилуулах юм.

Түүнчлэн соёлын өдрүүдийн хүрээнд “Алтан говийн аялгуу” хүндэтгэлийн концерт энэ сарын 29-31-нд болно. Энэхүү арга хэмжээний нээлтэд хүндэтгэл үзүүлж Өмнөговь аймгийн уугуул, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн_ ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, Төрийн хан хуурч, Ерөөлч, магтаалч нарын төвийн тэргүүн Ц.Цэрэндорж цугласан олонд хуурын татлагаар аялгуу эгшиг хүргэж, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Бүх цэргийн дуу, бүжгийн эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын  уран бүтээлчид ая дуу, уран бүтээлээ өргөнө.

Мөн энэ сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд 14.00 цагт улсын хурц арслан Г.Дэмүүлийн дурсгалд зориулсан "Таван толгой транс” компанийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан болох юм байна.

Өмнөговь аймгаас соёлын өдрүүдээ нийслэл хотноо зохион байгуулахаар сум бүрээс 20-иод хүний төлөөлөлтэй, аймгийн театр, харьяа агентлагийн ажилтан зэрэг нийт 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн иржээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж