Эх орондоо байж хятадуудад элэг бариулсаар суух уу

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Эх орондоо байж хятадуудад элэг бариулсаар суух уу

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэл хэ­мээх газар үйл ажиллагаа явуулж байсан “Эжунмэн” ком­па­нийн захирал Жан гэгч эр хувиараа жонш олборлогч монгол иргэнийг “Эзэмшил газраар минь явлаа” хэмээн машинаараа дайрч амь насыг нь хэрцгийгээр хөнөөснөөс хойш бүтэн жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэрэгтнийг байцаах, шүүх ажил нэг л ахицгүй явсаар
өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймгийн шүүхийн анхан шатны шүүх хурлаар
уг хэрэг таслагдсан юм. Гэхдээ  шүүхийн шийдвэр нь  талийгаачийн гэр бүл, нийт монголчуудын сэтгэлд сэв суулгаж,   эгдүүцэл төрүүлэм байлаа.  Учир нь  хүн амины хэрэгтэн Жанд хоёр жил,  аллагын үед хажууд нь байсан Д.Чимэд гэгчид жил зургаан сарын ял оноосон байна. Хамгийн харамсалтай нь шүүх байгууллага хэрэгтнийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйл ангийг үндэслэж бус­дыг болгоомжгүйгээр хө­нөөсөн хэмээн үзжээ. Түү­гээр ч зогсохгүй хэрэгтэн та­лийгаачийн ар гэрийнхэнтэй тохиролцохыг оролдож гурван сая төгрөг санал болгосон гэх мэдээлэл ч байна. Уг нь санаатайгаар дайрсныг нь зурагжуулж авсан баримтаа орон нутгийн иргэд нийслэлд ирж дэлгэсэн. Мөн хэрэгтний унаж явсан Nissan Patrol маркийн машины дугуй, доод эд ангид үлдсэн цусан толбо юуг ч нотолж чадаагүй байх юм.  Хятад иргэний энэ увайгүй үйлдлийн гороор өнөөдөр талийгаачийн ээж 70 гарч яваа хөгшин үгээр хэлэхийн аргагүй гомдол тээж явна. Тэрбээр дөрөвхөн насандаа өнчирсөн ач хүүдээ  юмны учир начирыг олдог болсон үед нь юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй шаналж байгаа. Хаалттайгаар өрнөсөн шүүх хурлын шүүгч нь хэн байсныг ч мэдэх боломжгүй байв. Бид элэг нэгтнээ харийн хүний гарт алдчихаад сайтад сэтгэгдлээ илэрхийлж хараалын үг бичихээс цаашгүй сууж байхад бусад газарт арай өөр байдаг бололтой. Өвөрмонголын Ши­лийн гол аймагт сүүлийн үед нүүрс­ний уурхай шил дараалан бий болж, хүнд даацын машин олноороо явах болсон нь нутгийн малчин иргэдийн бэлчээрийг сүйтгэх болсон аж. Үүнд эгдүүцсэн малчид эсэргүүцлээ илэрхийлсэн нь Мэргэн нэртэй малчин залууг хүнд даацын машинд дайруулж амь үрэгдэхэд хүргэжээ. Энэ явдалд Өвөр Монгол залуус ихээр эгдүүцэж байгаа бөгөөд баттай мэдээгээр 2000 гаруй оюутан залуус харъяа засгийн газрын байр руугаа жагсаал хийн алхсан аж. Оюутнууд нутгийн иргэдийн эрх ашигт нүүрлээд байгаа байдлыг тууштай эсэргүүцэхээ илэр­хийлж байгаа юм. Тиймээс тэд энэ сарын 30-нд дахин эсэргүүцлийн жагсаал хийж магадгүй аж. Магадгүй тэд Хятадын засгийн газрын шийдвэрт нөлөөлөхийг үгүйс­гэх аргагүй юм. Эс бөгөөс Тань Ань Миний талбайд болсон хэрэг явдал давтагдах биз. Хятадын эрхшээлд буй өвөрмонголчууд ингэж эздынхээ эсрэг босч чадаж байхад бид эрх чөлөөтэй тусгаар тогтносон эх орондоо байж хятадуудад элэг бариулсаар суух гэж үү. Монголчуудаа юу бодож байна даа.  

Мэргэжлийн хяналтын лабо­раторийн барилгаа гад­ныхнаар бариулдаг бид мөн сонин улс шүү. Бид ийм газраа улсын онцгой объект гэж нэрлэдэг шүү дээ. Барилга нь байг гэхэд тэнд ажиллаж байсан хятадууд нь монгол иргэдэд халдсаныг юу гэж тайлбарлах вэ. Тухайн үед хятад иргэд “Скай хайпермаркет”-ийн гэрээт хамгаалагч хоёр залууг шалтгаангүйгээр зодсон билээ. Улмаар энэ үйлдэлд нь дургүйцлээ илэрхийлэхээр очсон “Даяар Монгол” хөдөлгөөний дэмжигч залуус болон нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын хоёр албан хаагчийг зодож гэмтээсэн юм.

Өнгөрсөн зун гарсан энэ хэргийн үеэр цагдаагийн хоёр албан хаагчын нэг нь толгойгоо хагалуулсан бол нөгөө нь бүсэлхийнээсээ доош  хүнд гэмтэл авсан билээ. Айраг суманд гарсан хэрэгт зэвүүцсэн хэсэг залуус тус газарт үйл ажиллагаа явуулдаг хятад эзэдтэй байгууллагуудад халдаж дээрэм хийсэн. Тухайн үед гарсан мэдээллээс харахад “Янтай уул” компанийн ажилчин зургаан хятад иргэнээс хоёр гар утас, дөрвөн сая төгрөг, Даланжаргалан сумын “Кевин инвест” компаниас таван гар утас, 1.6 сая төгрөгөөс гадна ундаа, шар айраг, тамхи, дижитал аппарат дээрэмдсэн билээ. Харин орон нутгийн цагдаа нар хятдууд бус монгол иргэдээ баривчлахдаа дэндүү сайн ажиллжээ. Тухайн үед зэвсэг хэрэглэж байж тэрхүү залуусыг зогсоосон гэсэн мэдээлэл ч гарч байсан. Гэхдээ “Chevrolet”, “Hummer-2” хөлөглөсөн залуус гар утас дээрэмдсэн гэдэгт нь итгэмээргүй санагдана.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авто тээврийн газар хамтран саяхан “Тавантолгой”, “Энержи ресурс”-ын нүүрс тээвэрлэх замыг хаасан. Арга ч үгүй биз, Энэ замд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 23 жолооч нас барсны 20 нь Монгол Улсын иргэн байв. Мөн он гарсаар зам тээврийн 12 осол гарч гурван хүн нас баржээ. Уурхайн удирдлагууд аль болох бага хугацаанд их нүүрс урд хөрш рүү зөөхийг хичээдэг нь энэ мэтээр хүний амийг авч одсоор байна. Үүгээр ч зогсохгүй саяхан “Тавантолгой транс” компанийн монгол жолооч зам тээврийн ослын улмаас амиа алдсан байна. Энэ хэргийг компанийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Хуа-Жин” компанийн ажилчин, хятад иргэн үйлдсэн байж болзошгүй байгаа аж. Тэрбээр хүнд даацын ачааны автомашинаар монгол жолоочийг дайрч, амь насыг нь бүрэлгэсэн гэсэн мэдээлэл гарсан. Уг хэрэг одоохондоо мөрдөн байцаалтын шатанд яваа юм.

Монгол хүний үнэ цэнэ гэж ярих дуртай олон хүн бий. Харин өнөөдөр үнэ цэнэ хэмээх энэ үг Үндсэн хуулийн “Хүн амьд явах эрхтэй” гэсэн тайлбарлах шаардлагагүй заалттайгаа хамт үгүй болжээ. Үгүй ээ, зөвхөн “Монгол хүн…” гэж цээжээ дэлдэн ярьдаг илтгэгч нарын үгэнд л үлджээ. Ийм үед бид харамсалтайгаар амиа алдсан иргэн бүрийнхээ хойноос юу хийх вэ. “Хөөрхий угийн ийм богино настай хүн байж” хэмээх  тайлбарыг сонсч тайвширах уу. Эсвэл “Монголчууд өөрсдөө буруутай. Олигтой амьдарч чадахгүй архинд дурлацгаагаад…” гэх үгийг сонсон чимээгүй суух уу.

Хэдхэн жилийн өмнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт цардмал замын дагуух газар доор шугам янзалж байсан нэгэн эр намагт шигдэж амь насаа алдсан билээ. Тухайн үед онцгой байдлын ажилтан, цагдаа нар хэргийн газар дээр хагас өдрийн турш ажилласан юм. Ойр орчмын иргэд нь засмал замаар машин явах аргагүй болтол нь шавцгаасан байлаа. Цугласан хүмүүс бүгд л чимээгүйхэн зогсч, түгжрэлд орсон жолооч нарын нэг нь ч дуут дохиогоо хангинуулаагүйг сайн санаж байна. Газар дор үхлийн ирмэгт байгаа хүнийг аврахын тулд ойр орчмын айлуудын хашааг буулгаж байж, ус шавхах машин оруулж ирж билээ. Ус шавхах машин ч гэж дээ. Гэр хорооллын айлуудын бохирыг соруулдаг машин байсан. Өнөөх нь болохгүй байснаас болж аврагчид хувингаар усыг нь шавхаж байв. Гэхдээ газрын гүнээс ундарч байгаа тэр усыг хэчнээн шавхаад ч хөөрхий эрийн амийг аварч чадаагүй юм. Аврах ажилтнууд хүйтэн усанд норон ундаргыг шавхаж зогссоор эрүү нь зуурч, чичирсээр гарч ирэхэд хэдийн бүх зүйл өнгөрсөн байлаа. Тэр үед “Бөглүү хөдөө газар биш бүх л бүтэн улсын нийслэлд ийм хэрэг болж байхад ганцхан хүнийг аварч чадсангүй” хэмээн цугласан олон хашгиралдаж байлаа.  

Бид  нэг бол гадныхны гарт амь үрэгдсээр эс бол ажиллаж амьдрах орчинг минь амар тайван болгож өгөөгүйн төлөөсөнд амь насаа алдсаар л байна. Энэ хэзээ дуусах вэ.  Элэг нэгтэй, эх орон нэгтэй залуус юу бодож байдаг юм бол доо.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж