
Эл хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Дондог танилцуулсан юм.
Хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь дөрөв болон зургаан хүүхэд төрүүлсэн эхийн нэг хүүхэд нь эндсэн нөхцөлд Эхийн алдар I, Эхийн алдар II одонг авах болзол хангагдахгүй байгаа тул өөрчлөлт оруулахаар болсон юм. Энэхүү хуулийн төслийг ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө баталснаар 10 мянга гаруй эх одон авах болзол хангах учраас УИХ өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалдаа өөрчлөлт оруулан энэхүү төслийг шуурхайлан хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Тиймээс УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо маргааш үдээс өмнө хуралдаж, энэхүү хуулийн төслийг хэлэлцэн улмаар асуудлаа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэх үүрэг хүлээлээ. Ингэснээр чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдааныг дуусгалаа.
Дашрамд сануулахад, чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн Мал аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.