
Батлан хамгаалахын сайд Л.Болд, Монгол Улсад айлчилж байгаа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын Аюулгүй байдлын бодлого, түншлэлийн харилцаа эрхэлсэн орлогч ноён Жеймс Аппатурай нар хамтарсан мэдэгдэл гаргалаа. Монголын зэвсэгт хүчин Афганистан дахь аюулгүй байдлыг дэмжих олон улсын ажиллагаанд НАТО-гийн цэргийн хүчинтэй хамтран оролцож байгаа, Косово дахь НАТО-гийн тэргүүлсэн ажиллагаанд оролцож байсныг хамтарсан мэдэгдэлд сайшаан тусгажээ. Хоёр тал энх тайван, тогтвортой байдал, нийтлэг үнэт зүйлсийг бэхжүүлэх, хоёр талд тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэх талаар нэгдмэл байр суурьтай байгааг мөн тэмдэглэсэн байна. Харилцан тохиролцсон асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх, харилцан ажиллагааг гүнзгийрүүлэх, аюулгүй байдалд шинээр тулгарч байгаа сорилтуудын талаар мэдээлэл солилцох, цэргийн сургалт, боловсролын хүрээнд хамтын ажиллагааг сайжруулах, батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний үр дагаврыг арилгах чиглэлд түншлэлийн харилцаа тогтоох талаар хамтран ажиллах сонирхолтой гэдгээ хамтарсан мэдэгдэлд тусгажээ.
Д.ОЮУН