Соёл урлагийн хороо, Нийслэлийн соёл урлагийн газраас соёлын өвийг хамгаалах болон үүнтэй холбогдох бусад хууль хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний уран зургийн галерей, Богд хааны ордон музей болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, номын сангуудад шалгалт хийжээ. Шалгалтын баг эдгээр музейн 20 хувь нь зориулалтын байргүй, байрны хүрэлцээ хангамж муу, дулаан, чийг хэмжигч багаж нь хуучирсан, гэрэлтүүлэг хэмжигч багажгүй, сан хөмрөг рүү орох давхар хаалга байдаггүй, мэргэжлийн хамгаалалт муу гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харин номын сангийн сан хөмрөгт галаас хамгаалах дохиоллын систем байхгүй, Улаанбаатар хотын нийтийн номын сангийн үндсэн фонд нь байрны хонгилд байрлаж буй нь номын сангийн сан хөмрөг үрэгдэх аюултай байна хэмээн “Монцамэ” агентлаг мэдээллээ.