“ICT-90 Expo”-гоос технологийн дэвшлийг олж хараарай

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

“ICT-90 Expo”-гоос технологийн дэвшлийг олж хараарай

Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилий ойн энэ жил тохиож байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны “ICT Expo” үзэсгэлэн энэ сарын 27-30-ны өдөр “Мишээл экспо” төвд болох гэж байна. Үзэсгэлэнг зохион байгуулагчид өнөөдөр “Монгол ньюс” хэвлэлийн төвд мэдээлэл хийлээ.

Энэ жил мэдээлэл, харилцаа, холбооны салбарын 90 жилийн ой баяр болж буйтай холбоотойгоор  уламжлалт “ICT-90 Expo” үзэсгэлэн олон улсын үзэсгэлэн болж өргөжлөө. Зургаа дахь жилдээ зохиогдож буй уг үзэсгэлэнд өмнө нь дотоодын аж, ахуйн нэгж, албан байгууллагууд хамрагддаг байсан бол энэ удаад олон улсад нэр хүндтэй Alcatel, Cesco зэрэг дэлхийн томоохон компаниудаас төлөөлөгчид ирэн “workshop” сургалтыг зохион байгуулах юм байна. Энэхүү үзэсгэлэнгээс Монголын зах зээлд хүч түрэн орж ирж буй сүүлийн үеийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдтэй танилцаж болохоос гадна байгууллага, нэгжүүдийн хамтарсан багц үйлчилгээг сонирхож болох нь ээ. Тухайлбал, кабелийн телевиз, интернэт, суурин утасны багц үйлчилгээ болон үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч “Мобиком” корпорацийн “Playstaion phone” буюу Playstaion тоглоом тоглох боломжтой гар утас, “Solar phone” буюу нарны энергиэр цэнэглэгддэг гар утас мөн Монгол дахь анхны 3D гар утастай танилцах нь ээ. Үзэсгэлэн нь зөвхөн мэргэжлийн хүмүүст хамааралтай биш бөгөөд сүүлийн үеийн технологийн хөгжил ямар түвшинд явж байгаа, ямар загварын утас шинээр нэвтэрсэн зэрэг иргэдэд хэрэгтэй өдөр тутмын дэлгэрэнгүй мэдээлэл авч болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Эл үзэсгэлэнгийн үеэр Кибер спортын улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчийг тодруулан “Миний ирээдүй” гар зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах юм. Үзэсгэлэнд зориулж “Мишээл экспо” төвийн гадна талбайд урлагийн тоглолт, спортын хөгжөөнт уралдаант тэмцээнүүд зохиогдоно.  Дашрамд сонирхуулахад “ICT-90 Expo” үзэсгэлэнг үзэж сонирхохыг хүссэн хэн бүхэнд Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайгаас “Мишээл экспо” төв рүү үнэ төлбөргүй унаагаар үйлчлэх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж