Шатахууны хомсдолыг арилгана гэсэн яалаа

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Шатахууны хомсдолыг арилгана гэсэн яалаа

Шатахууны хомсдолыг арилгахаар болсон гэсэн яав аа. Өчигдөр ч, өнөөдөр ч шатахуун хомсдолтой байна. Эл янзаараа бол маргааш ч энэ хомсдол арилах шинжгүйдэг. Иргэд дизелийн эрэлд мордож, импортлогчид энэ байдлыг овжиноор ашиглан мөнгө тонших “хэрэгсэл” болгочихоод байгаа бололтой. Тавдугаар сар гарсаар  Монголын эдийн засаг хамгийн халалттай, хямралтайгаар өрнөж байна. Эдийн засгийг халааж, хямрааж буй гол хүчин зүйлс нь шатахууны хомсдол. Монгол Улсын эдийн засаг ганхах уу, хямрах уу гэдгийн гол суурь нь шатахуун болохоор олон нийтийн зүгээс төрийн гарыг харж суугаа нь нууц биш.

Шатахууны хувьд хойд хөршөөс шууд хараат Монгол Улсын хувьд Кремлиэс бүхий л зүйл нь хамаардаг. Хэрвээ Кремль хүсвэл шатахууныхаа нийлүүлэлтийг ихэсгэж бас багасгаж чадах бөгөөд энэ нь Монголын эдийн засгийг тогтворгүйжүүлэх нэг шалтгаан болсоор удсан. ОХУ-аас тавдугаар сарын 1-нээс газрын тосны бүтээгдэхүүнийхээ экспортыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж буйгаа зарлахдаа энэ нь Монгол Улсад  хамааралгүй гэдгийг онцолсон. Гэхдээ тэрхүү мэдэгдлийн дараагаар Монголд шатахууны хомсдол нүүрлэсэн гэхэд болно. Уул уурхай, газар тариалан, барилга, зам засварын ажил ид эхлэх цагаар ийнхүү дизель түлшний хомсдол нүүрлэж байгааг зарим ажиглагчид Тавантолгойн төлөөх оросуудын шантааж хэмээн тайлбарлаж буй. Харин Монголын Засгийн газар шатахууны хомсдолд цэг тавихаар ОХУ-аас 40-өөд мянган тонн түлш нэмж авахаар болсоноо зарласан хэдий ч түлшний хомсдол бүрэн арилаагүй байгаа юм.

Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан ажлын хэсэг хойд хөршийг зорьж, “Роснефть”-ээс 30-аад мянган тонн, “ТНК”-аас 13 мянган тонн ди­зель түлш авахаар болсноо, дээрх түлш­ний эхний ээлж нь өнгөрсөн долоо хоногоос нийлүүлэгдэх талаар, мөн шатахууны хомсдол дахиад нүүр­лэхгүй хэмээн мэдэгдэж байсан нь яасан бэ. Яагаад Монголын дотоодын зах зээлд нүүрлэсэн шатахууны хомсдол арилахгүй байна вэ.

Хотын захад байрлах ШТС-ууд дизель түлш зарахгүй байгаа гэнэ.  “Сод Монгол”, “Жаст”, “Петровис”  компанийн хотын захад байрлах ШТС дизель түлш зарахгүй байгааг хэрэглэгчид гомдоллож буй. Карттай хэрэглэгчиддээ ч шатахуун нийлэх боломжгүйд хүрсэн талаар дээрх компаниудын түгээгч нар учирлажээ.

Тэгэхээр албаны хүмүүсийн амалсан өнгөрсөн долоо хоногоос нийлүүлэгдэх ёстой дизель түлш хааччихав аа. Хаагуур ямар замаар урсаад, зарагдаад алга болчихов. 40 мянган тонн дизель түлшийг  Монгол руу ирж явах замд нь дээрэмчид туучихаагүй л бол уг нь өнөөдөр шатахууны хомсдолд арилсан л байх учиртай.  Яагаад вэ гэвэл тавдугаар сард ОХУ гуйлгалгүйгээр 34 мянган тонн дизель түлш, гуйлгаж 40 мянган тонн дизель түлш Монголд нийлүүлэхээр болсон шүү дээ. Зарим хүмүүс импорт­логчдийг  энэ хэрэгт буруутгаж байгаа. Тэд ОХУ-аас орж ирж буй дизель түлшээ уул уурхайн баян компаниудад өндөр үнээр бөөндчихөөд харин жирийн хэрэглэгчдийг чирэгдүүлж, хэргээр зохиомол хомсдол үүсгээд байна хэмээн хардах хүмүүс ч байна. Өөрөөр хэлбэл импотлогчид уул уурхайн компаниудад нэг литр дизель түлшийг 1800-аас дээш төгрөгөөр бөөндөж байгаа  гэх мэдээлэл бий. Хэрвээ импортлогчид ашиг хонжоо горилж уул уурхайнханд өндөр үнээр дизель түлш их хэмжээгээр нийлүүлж байгаа бол үүнийг  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө гэх гоё нэртэй газар нь шалгаад өгөөсэй дөө. Юун төлөө тэд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална хэмээн төрөөс цалинжиж байгаа билээ.   Монгол Улс тавдугаар сард нийтдээ 74 мянган тонн дизель түлш худалдаж авахаар болсон хэмээн тооцвол импортлогчид эвгүй загнаад байгаа юм биш үү гэх хардлага ч бас үндэслэлтэй мэт. Зуд болоход нохой зоолно гэгчээр хомсдлоор дамжуулан хожоо хайгсдад авах арга хэмжээ байхгүй гэж үү.

Арай 40 мянган тонн түлш нийлүүлэхээр болсон хэмээн мэдэгдсэн Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг худлаа гөрчихсөн юм биш байгаа. Эсвэл 40 мянган тонн дизель түлш нийлүүлэхээ амалсан оросууд монголчуудыг мурьчихсан уу.
Алдсан хүн арван тамтай авсан хүн нэгтэй тамтай гэж үүнийг л хэлдэг байх даа.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж