Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Гал ”захиалагч”

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Лүймэдийн Гансүх хэлсэн үгэндээ хүрдэг нэгэн бололтой. Учир нь түүний өргөдлийн дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Үндэсний шинэ намын ерөнхий нарийн бичгийн дарга, сэтгүүлч Г.Уянгыг цагдаагийнхан гэрээс нь албадан авч явж, байцаалт авахыг оролджээ. Эл үйл явдлаас үүдээд Л.Гансүх сайдыг хэлсэн амандаа хүрдэг хэмээн дүгнэх болсон шалтгааныг түүний манай сонинд өгсөн ярилцлага нотлох биз. Түүний ярилцлагад “Би хардсан хүнд тайлбарыг нь хэлээд, үнэн зөвийг нь эв зүйгээр нь ололцоод явдаг. Харин гүтгэсэн хүнтэй бол хайр найргүй үзэлцэнэ. А.Баатархуяг сэтгүүлчийн нийтлэлийн хувьд энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг байсан” гэсэн өгүүлбэр бий.

Нэг ёсондоо Л.Гансүх сайдын хайр найргүй үзэлцэж чадахын баталгаа нь нялх хүүхдээ тэвэрч суугаа эмэгтэйг гэрээс нь гаргаж, байцаалт авах гэсэн цагдаагийн үйлдлээр илрэв. Гол нь тэрбээр энэ үйлдлээрээ иргэний хөдөлгөөнийхөн төдийгүй улс төрийн зарим намыг өөрийнхөө эсрэг хөдөлгөх галыг албан ёсоор “захиалав”. Гагцхүү түүний асаасан энэ гал хэр өргөн хүрээг хамрахаас үл хамаараад өөрийнх нь нэр төрийг зүй ёсоор өргөж өгвөл ялалт түүний талд эргэх нь тодорхой.

Харин хууль, шүүхээр яваад ч учир начир нь олдохгүй, бантан зутан төдийхөн болоод өнгөрвөл ялалт нь эсрэг тал руу шилжиж, асаасан гал нь төд удалгүй унтарна гэдгийг өөрөө ч бас мэдэж л байгаа байлгүй. Тийм ч учраас өөрийнхөө төлөө гал “захиалж” чадсан нь энэ биз ээ.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж