
Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарынхны улсын зөвлөгөөн Төрийн ордонд үргэлжилж байна. Улсын зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчдийн хувьд сумдын холбоодыг анхаарах цаг болсныг санууллаа. Хэдийгээр сүүлийн жилүүдэд гар утасны хэрэглээ өргөн нэвтэрч 2.3 сая орчим иргэн идэвхитэй хэрэглэж байна гэсэн судалгаа байгаа ч түүнийг дагаад сумдын холбоодын ажил уналтад орсныг сануулж байна. Тэр хэрээр сумынхаа барилгыг засварлаж чадахгүйд хүрсэн аж. Олонх барилга 30-50 жилийн настай болсон. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны холбооны салбарын эрхлэгчийн хэлснээр 360 гаруй сумдын холбооны барилга байгууламжийг засварлах шаардлага бий. Урсгал засвар хийгээгүйгээс өвөлдөө хүйтэн, зундаа дусаал гоождог хүндхэн нөхцөлд ажил үйлчилгээ явуулдаг. Түүнчлэн зарим техник технологи өвөлдөө хөлдчих гээд байдаг тул төрөөс хөрөнгө гарган сумын холбооны салбаруудын барилгуудыг завсварлах шаардлагатай байгааг санууллаа.
Мөн Хатгал тосгоныхны хүсэн хүлээдэг үйлчилгээ интернэт болжээ. Тус тосгоны холбооны салбарын эрхлэгч 2005 оноос эхлэн шилэн кабельд холбогдох хүсэлтийг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар, харьяа яам, агентлагт удаа дараа тавьсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгож чадаагүй. Жил бүр гадаадын 6000-7000 жуулчин, дотоодоос 17000 мянга орчим иргэн Хатгал тосгонд очиж, Хөвсгөл далайг үзэж сонирхдог. Тэдгээр жуулчид бүгд интернэтийн үйлчилгээ нэхдэг. Дунд сургууль нь компьютерийн нэг анги нээсэн ч хэргийг нь гаргаж чадахгүй байгаа. Тиймээс энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Түүнчлэн сумдын холбоочдын цалин бусдаасаа бага байгаад анхаарах. Агаарын шугамыг ашиглахаа больсон цагаас эхэлж тонох болсон. Түүнийг гэрээт ажилчнаар харуулдаг ч сэтгэл тавьдаггүй гээд олон асуудал сумын холбооны салбарын төвшинд байгааг дээд газрууд анхаарч арга хэмжээ авах болсныг санууллаа.
Г.Дарь