300 тэрбумын бонд гаргахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

300 тэрбумын бонд гаргахыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо
өнөөдөр хуваариас гадуур хуралдлаа. Түүгээр Засгийн газрын үнэт цаас
гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Тогтоолын төсөлд Засгийн газрын үнэт цаасны зориулалт, хамрах хүрээг
өргөтгөж байгаатай холбогдуулан тогтоолын нэрийг “Үндэсний үйлдвэрлэлийг
дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”
гэж өөрчлөөөр боллоо. Ноолууран утас болон эцсийн бэлэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчдэд 100 тэрбум, хонь тэмээний ноос боловсруулах үйлдвэрүүдэд
хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан хоршооны гишүүн малчдад 2011 онд
олгох мөнгөн урамшуулал болон хонь, тэмээний ноос боловсруулах үндэсний
үйлдвэрлэгчдэд 50 тэрбум, ЖДҮ-ийг дэмжихэд 150 тэрбум, нийт 300 тэрбум
төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаас гаргаж
арилжаалахыг гишүүд дэмжсэн юм.  Мөн хонь, тэмээний ноос боловсруулах
үндэсний үйлдвэрүүдэд хоршооны гишүүн малчны бэлтгэж тушаасан нэгдүгээр
зэргийн хонь, тэмээний ноосны нэг кг тутамд 2000 төгрөгийг мөнгөн
урамшуулал болгон жил бүрийн улсын төсөвт тусган олгохыг дэмжив. Үүнтэй
холбогдох журмыг Эдийн засгийн байнгын хороонд 2011 оны эхний хагаст
багтаан танилцуулж мөрдөх, үнэт цаасны арилжааны орлогоос үйлдвэрлэгчдэд
олгох зээлийн хүүг долоон хувиас ихгүй  байхаар тооцохыг Засгийн газарт
үүрэг болгох зэрэг өөрчлөлт, нэмэлтүүдийг оруулах саналуудыг байнгын
хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж чуулганы нэгдсэн
хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж