Португалийн Гадаад хэргийн сайд айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Португалийн Гадаад хэргийн сайд айлчиллаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Португал улсын Гадаад хэргийн сайд Луй Амадо энэ сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад хэргийн сайд энэхүү айлчлалынхаа явцад Гадаад харилцааны сайд Г. Занданшатартай хоёр орны харилцаа, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.  Мөн айлчлалын  үеэр  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Португал Улсын Засгийн газрын хооронд  боловсрол, шинжлэх, технологи, соёл, залуучууд, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Португал Улсын Гадаад хэргийн яамдын хооронд хамтран ажиллах харилцан ойлголцох санамж бичигт хоёр тал гарын үсэг зурав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Португал Улсын хооронд албан ёсны  дипломат харилцаа 1974 оны долдугаар сарын 26-нд тогтоосон бөгөөд Португал улсын  Гадаад хэргийн сайдын Монголд Улсад хийж буй анхны айлчлал Монгол, Португалын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, айлчлалын үеэр болсон уулзалт, хэлэлцээ, байгуулсан баримт бичгүүд нь хоёр орны  найрсаг харилцаа, хамтын ажиллагааг  цаашид хөгжүүлэх өргөн боломжтойг нотлов.
Монгол Улс  улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих амаргүй үйл явцыг амжилттай хэрэгжүүлж, харьцангуй богино хугацаанд багагүй амжилт олсныг Португал улсын Гадаад хэргийн сайд тэмдэглээд  Монгол, Португалын харилцааг соёл, боловсролын салбарт хөгжүүлэх, Европын Холбоо, түүний гишүүн улсуудтай хамтран ажиллах, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хүрээнд мэдээлэл солилцох, олон улсад нэр хүндтэй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх үүргийг Монгол Улс  2011 онд хүлээн авахтай холбогдуулан тус хөдөлгөөнийг тэргүүлж байсны хувьд Португал улс арга туршлагаа хуваалцах зэргээр ойр дотно хамтран ажиллах  эрмэлзэл дүүрэн буйгаа онцлон тэмдэглэв.
Португал Улс цаазаар авах ялыг 1867 онд  халсан, энэхүү үйл явцыг дэлхийн  дахинд хошуучлан тууштай тэмцдэг бөгөөд  цаазаар авах ялаас түдгэлзэх тухай 62/149 тоот тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 2007 онд батлуулахад Европын Холбоо, түүний гишүүн улсуудын хамтаар идэвхтэй ажилласны  хувьд  Монгол Улс цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн явдлыг бусад улсад дуурайлал үзүүлэх өндөр  ач холбогдолтой хэмээн үнэлж байгаагаа  илэрхийлэв.
Бүгд Найрамдах Португал улсын Гадаад хэргийн сайд Л.Амадо улс төрийн яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэх, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх зорилгын үүднээс Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг тааламжтай цагтаа  өөрийн оронд айлчлахыг урив. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар урилгыг талархан хүлээн авч, айлчлалын товыг дипломат шугамаар жич тохиролцохоор тогтов хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж