
Хөдөө орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ дутмаг байдаг. Тэр дундаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо хийлгэх боломж хомс. Харин Өвөрхангай аймгийн сумдын иргэд жил бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдах боломж бүрджээ. Зургаан жилийн өмнөөс зохион байгуулж эхэлсэн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогооны энэ удаагийнх тавдугаар сарын 9-19-ны өдрүүдэд үргэлжилсэн байна. Эмч нарын баг Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Арвайхээр суманд ажиллажээ. Нэг суманд ойролцоогоор 400-600 гаруй хүн үзлэгт хамрагдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Үзлэгт хамрагдсан зарим хүнтэй болон сумдын эрхлэгч эмч нартай уулзлаа. Хархорин сумын өндөр настан Н.Ломбо зүрхний эмчийн хяналтад байдаг аж. Тэрбээр зүрхний ЭХО-д харуулж, бичлэг хийлгэсэндээ сэтгэл хангалуун байлаа. “Хөдөөд эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүн олон. Харин УИХ-ын дэд дарга Г.Батхүү хөдөөгийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө анхаарч жил бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоонд хамруулдаг нь маш зөв ажил. Ийм ажлыг санаачилж, зургаан жилийн турш тасралтгүй хэрэгжүүлж байгаад нь талархдаг. Америк эмч авчирч, мэдрэлийн тоног төхөөрөмж, аппарат бэлэглэж байсан. Цаашид нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоог багт зохион байгуулаасай гэж бодож байна. Хархорин бол онцгой бүс. Нийт 20-иод мянган хүн амтай. Эргэн тойрон хил залгадаг гурван аймгийн 10 гаруй сумын өвчтөн эндхийн эмнэлэгт ирж үйлчлүүлдэг. Ачаалал их. Тиймээс Хархоринд төрөлжсөн эмнэлэг байгуулах, эмч мэргэжилтнийг чадавхижуулах, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн Н.Ломбо гуай хуучиллаа.
Бат-Өлзий сумын иргэн А.Долгорсүрэн ч баярласан сэтгэлээ илэрхийлж байв. Хот суурин газарт тэр болгон очиж эмнэлэгт үзүүлж чаддаггүй хөдөөгийн иргэд нутагтаа нарийн мэргэжлийн эмчийн оношлогоонд орж, тусламж үйлчилгээ авсан нь олон хүний сэтгэлд хүрсэн арга хэмжээ болжээ. Харин эмч нарын үзлэгийн цагийг уртасгамаар байна гэсэн саналыг дайсан юм. Тус сумын эмнэлэг шүдний эмчгүй юм байна. Тиймээс нарийн мэргэжлийн эм нарын багт багтсан шүдний эмч нэлээн ачаалалтай ажиллажээ. “Хоёр шүд өвдөөд нүүр битүү хавдаж их хэцүү байсан. Аймгийн төв рүү явдаг юм уу гэж байтал харин нарийн мэргэжлийн эмч нар ирсэн. Шүдний эмч нь чадалтай сайн эмч байна лээ. Намайг өвчнөөс салгаж эрүүл болгож өгсөн. Цагаа олж ирсэн эмч нартаа баярлаж байна. Г.Батхүү гишүүнд баярлахын зэрэгцээ манай сумыг шүдний эмчтэй болгож өгөөч гэж хүсмээр байна” гэж иргэн Нямсүрэн хэлсэн юм.
Уянга суманд түр оршин суугч их, нааш цааш ирж очих хүн олон. Нарийн мэргэжлийн эмч нар ажиллах үеэр эмнэлэг хүний хөлд дарагдсаныг эрхлэгч эмч Б.Даваадулам ярилаа. Тэрбээр, “Эхний өдөр Уянга сумын төвд 415, дараагийн өдөр Жаргалант багт 120 гаруй хүн эмчид үзүүлж, тусламж үйлчилгээ авлаа. Манай сум шүдний эмчгүй. Явуулын шүдний эмч нар хааяа ирдэг ч өндөр төлбөртэй учраас иргэд тэр бүр үйлчлүүлж чаддаггүй. Харин энэ удаа нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийлээ. Эмч нар өглөө 09.00 цагт үзлэгээ эхэлж орой 20.00 цагт дууссан. Нэгэнт алслагдмал газарт ирсэн учраас ачаалал дааж, хүмүүст хүрэх гэсэн чин сэтгэлтэй эмч нар ажилласан. Эмэгтэйчүүдийн эмч гэхэд 80 гаруй хүн оношилж, 40 гаруй тусламж үзүүлсэн. Шүдний эмч мөн 80 гаруй хүн үзсэн. Мэдрэл, дотрын эмч асар их ачаалалттай байлаа. Хүнд өвчтэй хүмүүсийг манай эмнэлгийн эмч нартай хамтарт ЭХО-д харж, оношилж, тусламж үйлчилгээ үзүүлсэн нь үр дүнтэй боллоо” гэв.Тарагт сумын эмнэлгийн эрхлэгч эмч Я.Жаргалын ярьснаар тус суманд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 500 гаруй хүн хамрагдсан байна. Орон нутгийн эмнэлэгт зүрхний бичлэг хийх аппарат байдаггүй учраас хүн бүр энэ үйлчилгээг авчээ. “Нэг эмч хоёр өдөр ажиллахаар тооцож хугацааг товлох, цаашид тасрахгүй тогтмол үргэлжлүүлээсэй гэж иргэд хүсч байсан. Ер нь нарийн мэргэжлийн эмч нар сумын эмнэлэгт ажиллаж, иргэдэд үйлчлэхийн зэрэгцээ бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөн нь үр дүнтэй байлаа” гэж Я.Жаргал эмч онцолсон юм.
Уянга сумын иргэн Д.Оюунчимэг, Тарагт сумын иргэн С.Чулуунбаатар, Х.Даариймаа, М.Пүрэвдагва нар эмчид үзүүлж, өвчнийхөө оношийг тогтоолгож, эмчилгээ бичүүлж авсан олон хүний төлөөлөл. Тэд хөдөөгийн иргэдийн эрүүл мэндэд анхаарч, нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлж байв. “Өвчингүй бол жаргал, өргүй бол баян” гэдэг. Статистик тооноос харахад манай улсад өвчний эхэн үедээ бус хүндэрсэн шатандаа эмнэлэгт хандагсдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Тэгвэл хэлж бус хийсч ирдэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ийм үзлэг оношлогоо онцгой үүрэгтэй. Зөвхөн нэг удаагийн үзлэгт нэг суманд дунджаар 500 гаруй хүн хамрагдсан гэхээр 4000 орчим хүн урьдчилан сэргийлэх оношлогоонд орж, эмнэлгийн тусламж авчээ. Энэ хэрээр төдий тооны хүн эрүүл мэндээ тэтгэж чадсан гэсэн үг. Гэхдээ зургаан жилийн турш үргэлжилсэн үзлэг оношлогооны ач холбогдлыг дан ганц тоон үзүүлэлтээр илэрхийлэх аргагүй юм.