Д.Сундуйсүрэн ээждээ “Хөдөө явсан” гэж хэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Д.Сундуйсүрэн ээждээ “Хөдөө явсан” гэж хэлжээ

Өчигдөр Нийслэлийн шүүхэд болсон АТГ-ын дарга нарын давж заалдах шатны шүүх хуралд тэдний өмгөөлөгчдөөс гадна дэд дарга Д.Сундуйсүрэнгийн эгч  Д.Оюунчимэг ирсэн байв. Найман цаг гаруй үргэлжилсэн шүүх хурлыг тэрбээр тэвчээртэй хүлээж суусан юм. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар хуралдаж байх зуур АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэнгийн төрсөн эгч Д.Оюунчимэгтэй цөөн хором ярилцлаа.

-Дүүгээ эргэж байгаа юу. Биеийн байдал нь ямар байна?

-Эхнэр, хүүхэд нь байнга очиж байгаа. Эргэлт оруулах хуваарьтай өдөр нь очдог юм. Биеийн байдал нь гайгүй.

-Анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Миний дүү төрд шударгаар ажиллаж ирсэн учир бид нар ял авна гэж огтхон ч бодоогүй. Шүүх хуралд ч ирээгүй. Гэтэл хийгээгүй хэргийнхээ төлөө ял сонсчихлоо. Энэ удаа шүүх хэрхэн шийдэх бол гээд санаа зовоод энд сууж байгаа минь энэ. Дүүгийн маань хүүхэд төгсөх ангид сурдаг. Хэцүү  байгаа нь ойлгомжтой. Бас 90 гарсан ээжийн маань сэтгэл санаа хүнд байна.

-Ээж тань хүүгээ хоригдож байгааг мэдсэн үү?

-Зүрх нь муу байгаа. Бид Д.Сундуйг хөдөө ажлаар явсан гээд хэлчихсэн. Сүүлийн үед яагаад ирэхгүй байна гээд сэтгэл нь тогтворгүй байдаг болсон. Чих хатуу, хараа муу болохоор телевиз, радио үзэж чаддаггүй юм. Эхнэр, хүүхэд нь эргэлтээр очихдоо утсаар яриулж “Би хөдөө ажлаар явж байна. Та санаа зоволтгүй” гэж хэлүүлсэн.

-Дүү тань АТГ-ын дэд даргаар томилогдохоос өмнө хаана ажиллаж байсан бэ?

-Архангай аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад УМБГ-ын дэд даргаар томилогдож ирсэн. Энэ албан тушаалд өөрийн хүсэлтээр ч томилогдоогүй.  Дээрээс нь анкетаа өг гэсэн юм билээ. Энэ талаараа надад хэлэхэд нь би  хориглоогүй. Дүү маань өөрийнхөө зам мөрөөр л явж байна гэж бодсон. Харин ах дүү нар нь дургүйцэж байсан. Миний хувьд анхнаасаа төрд үнэнчээр зүтгэж, өөрийнхөө чадлаар дэвшиж ирсэн болохоор  дүүдээ итгэсэн. Гэтэл энэ төр гэдэг шударга бус юм байна. Улс төрийн хэрэг, улс төрийн аллагын талаар хууль баталмаар юм.

-Таны дүүг даргынхаа хоморгон дор ял сонсчихлоо гэж ярих хүмүүс байдаг. Та харин юу гэж боддог вэ?

-Үнэхээр тийм ч байж болох юм. Дарга нь ч бас хилсээр хоригдсон байх. Шударга бус зүйлийг илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийг  хорьсон нь зохион байгуулалттай санагдаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж