Улс орон, төр засгийн ажил сайн байгаа бол ард түмэн сайн сайхан амьдрах ёстой. Тэгж чадахгүй л байна шүү дээ. Гэтэл яагаад хэн ч дуугарахгүй байна вэ. Бүгдээрээ намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг шигээ сэтгэж, хөдөлж байна гэж үү. Итгэмээргүй юм. Сөрөг хүчин гээд хэрэлдээд, тэмцээд байгаасай гэж хүсэхгүй ч огт “сөрөхгүй, сэрэхгүй” байгаа нь АН-ынханд зохихгүй байна. Бүхнийг сэрээсэн “Хонхны дуу” хаачив. “Бүх юм хэвийн бүтэж байна, болж байна, бичээрэй. Битгий давар гэж бичээрэй…” хэмээх ёгтолсон хэрнээ шүүмжилсэн, үнэн үгтэй дууныхаа гол баатар нь өөрсдөө болчихож.
Өнгөрснийг эргээд харахад Ардчилсан намын нэр хүнд гэгч ард түмний дэмжлэгээс л эрч хүчээ авч, тэжээгдэн, амьд оршин тогтнодог байж. Ардчилсан нам сонгуульд цөөн санал авах тусам ард түмэн хүчтэй дэмждэг байсан нь худлаа гэж үү.
Тухайлбал 1990-1992 оны Улсын бага хуралд 40, 2000-2004 оны УИХ-д ганцхан суудалтай байхдаа Ардчилсан намынхан хэчнээн гоё харагддаг байсан гээч. Гэтэл 1996-2000 онд олонхи болсон мөртлөө Засгийн газар нь ч тогтворгүй, албан тушаал булаалдагчдын арсалдаан дунд тус намын нэр хүнд ямар байсныг санаж байна уу. Харин УИХ-ын 2004, 2008 оны сонгуулийн дүнгээс харахад ард түмэн тэдний хэн нь хэн болохыг харуулах гэж ийнхүү ойролцоо санал өгөө юү гэлтэй. Сүүлийн хоёр сонгуулийн дараа эвссэн, хамтарсан дүр төрх нь Ардчилсан намын дэмжигчдэд огтхон ч таалагдаагүй. Эрч хүчээ алдсан, туйлдаж ядарсан дүр төрхийг л илтгэдэг болсон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр эвсч, хамтрахын үр дүнд улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэх тайлбарыг “пологттол” өгч байгаа ч энэхүү хамтрал нь эцэстээ маш том задралын эхлэл болно гэдэгт түүхийг хамтдаа элээж буй сонгогчид нь огтхон ч эргэлзэхгүй байна.
Наад зах нь үзэл баримтлал, чиг хандлагын хувьд гуйвж ганхсан байдал нь гишүүддээ таалагдахгүй байгааг нуугаад яах вэ. Ардчилсан нам анх байгуулагдсан цагаасаа л “Либерал, консерватив чиг баримжаатай” гэдгээ маш тод зарласан. Түүгээрээ гишүүд, дэмжигчдээ өөртөө татаж байсан. Гэтэл намын дарга нь өнгөрсөн намар телевизийн шууд ярилцлагад оролцохдоо ам нь халсан уу, яасан, “Баруун, зүүн гэж юу байдаг юм бэ” хэмээн “аваад хаячихав”. Чихэндээ ч үл итгэсэн гишүүд нь “Энэ манай намын дарга мөн гэж үү” хэмээн эргэлзэхэд хүрсэн. Хэдийгээр улс төрийн намуудын баярын шуугианд дарагдаад амар амгалан мэт харагдаж буй ч үнэн хэрэгтээ намын даргын энэ алдаа хожмын өдөр томоохон хэрэг мандуулах нь гарцаагүй.
Энүүхэндээ гэхэд намын Гүйцэтгэх зөвлөлийг сонгох арга барил, бүрэлдэхүүний чанар, Засгийн газраас гарах асуудал гээд тус намын өмнө олон асуудал тулгараад байгаа. Гэвч ҮЗХ-оор асуудлыг хэлэлцүүлэхгүй бултуулаад л байна. Хэдий болтол бултах билээ дээ. Магадгүй УИХ-ын 2012 оны сонгууль эхлэхэд чамлахаар хугацаа үлдсэн энэ цаг үед гэнэтхэн “Гарман дээр морио солих” хэрэг гарах вий. Тэр цагт Ардчилсан намынхнаас “Анх хамтрахад нь л эсрэг саналтай байсан” хэмээн эргэж бухах хүн олон бий.
Ардын намынхан хэчнээн том баяр тэмдэглэсэн ч Ардчилсан намынхны амыг, гарыг бариагүй шүү дээ. Гэтэл тэд яагаад дуугүй байна вэ. Магадгүй тэнд ихээхэн том дэлбэрэлт болох гэж байгаа учраас нам гүмхэн байж ч мэдэх юм. “Тэнэглэхэд учир бий” гэгчээр хамтрахад ч бас учир бий. МАН, АН сонгуульд эвсээд орчих гээгүй л бол эртхэн үнээ, тугалаа ялгаж, эрх баригч ба сөрөг хүчнийхээ үүргийг сонгогчдодоо харуулах цаг болсон баймаар юм. Олон намын бус “бүлэг улстөрчдийн тогтолцоотой” засаглалтай ч болчихсон юм шиг. АН-ын эзэмшилд л байсан сөрөг хүчний үүргийг нь нөхөөд явах улс төрийн хүчин шинээр өсч торниж, үржин төлжсөөр байна. Сул тавиад өгчихсөн сөрөг хүчний орон зайгаа сонгуулийн өмнөхөн олж авах гэж хожим нь “зовох” вий. Маргааш болох их ойн баяраар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ардын намын дарга С.Батболдод баяр хүргэн, тэвэрч үнсэх биз. Хоёр эр хүн хошуун дээрээ үнсэлцэх ямар байдгийг харах дургүй монголчуудад эрх баригч, сөрөг хүчний энэ нялуурал лав таалагдахгүй дээ. Ямартай ч Ардын намын их ойн баярын тоосонд дарагдсан Ардчилсан намынхны “Хонхны дуу”-г ард түмэн эрж хайсаар байна. Дуугаа мартаагүй бол дуулж эхлэх цаг нь болчихоод байна шүү, АН-ынхан.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин