Илүү төлсөн хураамжийг буцаан олгох санал гарав

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Илүү төлсөн хураамжийг буцаан олгох санал гарав

Тэмдэгтийн хураамжийн хуульд өөрчлөлт орж зарим төрлийн хураамжийн хэмжээнд хэт өндөр үнэ тогтоосон талаар шүүмжлэл өнгөрсөн хугацаанд бий болсон. Энэ шүүмжийн дагуу УИХ-ын хэсэг гишүүд хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан нь өчигдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдлээ. Мэдээж УИХ нь баталсан хуулийнхаа араас нэмж өөрчлөх зүйл хийж байгаа нь зохимжгүй гэх шүүмжлэл хэд хэдэн гишүүдээс гарав. Түүнчлэн өндөр хураамж нэгэнт төлсөн байгууллагуудын төлбөрийг буцаан олгох нь зүйтэй гэх санал ч гарсан байна. Энэ талаар Ч.Улаан гишүүн “10 сая төгрөгний хураамжийг арван жилийн турш дараагийн төлөлтүүд дээр нь суутгах зохимжгүй. Хэрэв сар тутмын хураамж байсан бол ийм зохицуулалт байж болно” гэв. Энэ саналыг хэлэлцээд дараа дараагийн хэлэлцүүлгийн үеэр ярихаар болов.

Мөн тэмдэгтийн хураамжийн шинэ хууль үйлчилж эхэлснээр дунд шатны төрийн албан хаагчид хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан иргэдэд хүндрэл учруулж байгаа завхрал гарсан талаар гомдол гарав. Н.Энхболд гишүүн “Хэвлэлийн үйлдвэрлэлийн зориулалтаар орж ирж байгаа бодисыг энэ хуульд хамруулж гааль дээр олон сая төгрөг нэхэж байгааг юу гэж ойлгох вэ. Хэвлэлийн байгууллагын үйл ажиллагааг гацааж, хятадад очиж хэвлүүлэх нөхцөлд хүргэх лобби байгаа хэрэг үү” хэмээгээд хэвлэлийн байгууллагад ашиглагдах бодисийг энэ хуульд хамааралгүй болгож өгөх санал гаргав.

Гэвч хэлэлцүүлгийн эцэст Н.Энхболд саналаа татаж авсан бөгөөд энэ нь бусад химийн хорт бодисийг хэвлэлийн үйлдвэрлэлийн зориулалттай гэж оруулж ирэх боломж нээгдэх вий гэх болгоомжлолоос болсон аж.

Үүнтэй холбогдуулан Сангийн сайд С.Баярцогт гаалийн байгууллагын үйл ажиллагаа аль болох иргэдэд чирэгдэлгүй болох чиглэлд ажиллаж буйгаа хэлээд 50 килограмм хүртэлх ачааг хилээр татваргүй нэвтрүүлэх төсөл санаачлан Засгийн газарт оруулаад байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн хэвлэлийн үйлдвэрлэлд ашиглагдах бодис химийн бодист орох ёсгүйг хэлээд хууль гажуудуулж буй албан хаагчдийн талаар албан ёсоор гомдол гаргавал газар дээр нь шалгахаа амлав. Ийнхүү хэлэлцээд УИХ өмнө гаргасан алдаагаа засаж, үндэслэлгүй хэт өндөр тогтоосон зарим нэр төрлийн хураамжийн үнийг бууруулах хуулийн төслийг дэмжсэн байна.




Зохиогчийн эрх
"
Ардын эрх"

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж