Бохирын шугамын ажил 50 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Бохирын шугамын ажил 50 хувьтай байна

Нийслэлийн гэр хорооллын өрхийг бохирын шугамд холбох ажил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Нийт 30 километр бохирын  шугам татах ажил 2008 онд эхэлсэн.  Шугам тавих ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусах байсан ч гэрээг дахин сунгахаар болжээ. Анх 2008 онд “Бридж Констракшн” ХХК нь Улаанбаатар хотын Бохир усны “Туул-1” коллекторын шугам хоолой, барилга байгууламжийг барих гэрээг “Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар”-тай байгуулан гэрээт ажлыг гүйцэтгэж байгаа. Одоогоор 15 км шугамыг тавьсан байгаа аж. Энэ ажлын хүрээнд хотын ерөнхий менежер Ч.Бат болон бусад албаны хүмүүс ажлын явцтай танилцсан юм. Энэ талаар Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Х.Алтангэрэлтэй уулзлаа.

-Шугам тавих ажлын явц хэр байна?

-Энэ шугамыг Гачууртаас эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүртэл тавих юм. Одоогоор ажил хэвийн үргэлжилж байна, 15 км шугам тавиад байгаа. Хотын ерөнхий менежер Ч.Бат болон албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт ажлын явцтай танилцаж, ажил хойшилж байгаа шалтгааныг тодруулахаар гүйцэтгэгч компанийн хүмүүстэй уулзсан. Энэ жилийн ажил тавдугаар сарын 1-нээс эхлэх ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас түр хугацаагаар хойшилсон. Учир нь Төмөр замын кабелийн шугамыг  шилжүүлэх боломжгүйгээс хойшлоод байгаа. Энэ асуудлаар хотын ерөнхий менежер Төмөр замын удирдах зөвлөлтэй уулзаж, асуудлыг нэн даруй шийдэхээр болсон.

Одоогоор дээрх нөхцөл байдлын улмаас нийт угсралтын ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж чадаагүй. Тус компани I, II хэсгийн шугам хоолойн ажлыг үндсэндээ дуусгаж, өмнөдийн коллекторт холбоход бэлэн болгосон. Нийт 29 км тавихаас 16  км-ыг хийгээд байгаа ба нийт төсөвт тусгагдсан газар шорооны ажлын 70 хувийг хийгээд байна.

-Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа шалтгаан нь юу байна?

-Тухайн компани асуудал үүсэхэд тухай бүрт нь бидэнд мэдэгдэж байсан. Анх ажлыг хийж гүйцэтгэх материалууд 2008 оны гуравдугаар сард орж ирэх байсан ч “Замын үүд” суманд төмөр замын ачаа тээвэрлэлтийн бөөгнөрөл үүсч, ачаа тээвэрэлэлт зогссоноос  /уг асуудал тухайн үед Засгийн газрын төвшинд хэлэлцэж байж зохицуулалт хийсэн/ шалтгаалж тоног төхөөрөмж олон сараар хоцорч нийлүүлэгдсэн. Энэ нь төслийн гүйцэтгэлийн хугацааг сунгахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Мөн  зураг төслийн ажил хийгдсэн 2006 онд Монгол улсад байгаль цаг уурын нөхцөл хуурайшилт ихтэй байсан тул ажлын зурагт хөрсний усны түвшин  урсгал ихтэй гарч байсан. Усыг соруулж ажилласан. Энэ нь шугам хоолойн угсралт хийхэд их хэмжээний төсвийн болон цаг хугацааны алдагдлыг хүлээхэд хүргэж, ажлыг удаашруулж байнa.

Гэрээ байгуулагдах үед бидний санал болгосон үнээр ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой байсан боловч гэрээт  ажлыг гүйцэтгэх явцад гүйцэтгэгчээс үл хамаарч барилгын материалын үнэ, цалин хөлс, нефтийн бүтээгдэхүүний огцом өсөлт, эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт, төгрөгний ханшны уналт зэрэг нөлөөлсөн гэсэн тайлбарийг өгч байсан. 

-Санхүүжилтээс болж цаг алдсан гэж яригдаж байсан?

-Төслийн ажлыг гүйцэтгэхэд хэрэглэгдэх үлдэгдэл материал худалдан авахад шаардагдах хөрөнгийн санхүүжилтийн асуудлыг нийслэлийн Засаг дарга 2009 оны арванхоёрдугаар сарын 8-ны  өдөр нийт  5.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Тухайн онд 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтыг хийх, үлдэгдэл буюу 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилтыг он гаргаад хийхээр тохиролцсон юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас эхний санхүүжилт таван сарын хугаацаагаар хоцорч,  өнгөрсөн оны тавдугаар сарын 07-ны өдөр 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн, үлдсэн 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээгүй зэрэг нь хоолойн үйлдвэрлэлийг тав,  угсралтын ажлыг найман сараар хоцроосон. Мөн хугацаанд трассын дагуу зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барилга байгууламж, обьект саадууд 345 ширхэг нэмэгдсэн зэрэг нь хойшлогдох шалтгаан болсон.

Зохиогчийн эрх "Ардын эрх"

Ш.Чимэг /сурвалжлагч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж