
Монгол Улсын стратегийн гэх тодотголтой 15 ордын нэг нь Асгатын мөнгөний орд. Монголын баруун-хойд хэсэгт ОХУ-ын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршдог энэхүү орд нь өндөр уулын бүсэд уул-техникийн хүнд нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан газарт байрладаг гэх шалтгаанаар 1970-аад онд нээснээс нь хойш өнөөг хүртэл ашиглагдаагүй байгаа юм. УИХ-аас баталсан стратегийн ордуудын жагсаалтад бичигддэг Асгатын мөнгөний орд нь 10 мянга орчим тонн хүдрийн нөөц, 3400 орчим тонн мөнгөний нөөцтэй хэмээн тогтоосон байдаг. Үүнээс гадна тус орд нь 12.2 мянган тонн висмут, 106.6 мянган тонн сурьма, 238.2 мянган тонн зэс мөн тодорхой хэмжээний алт, хар тугалга, төмрийн нөөцтэй болохыг Оросын геологичид анх тогтоожээ.
Зүсэн бүрийн ашигт малтмалын тодорхой нөөцийг агуулж байгаа уг ордыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид багагүй сонирхдог ч Монгол Улсын хувьд эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нэг том асуудал нь дэд бүтэцгүй, байршил муутай гэх шалтгаан. Нөгөө нь оросууд. Тэдний санал, зөвлөмж, шийдвэргүйгээр Монгол Улс дангаараа Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхгүй. Уг ордын тусгай зөвшөөрөл Монгол, Оросын хамтарсан компани болох “Монголросцветмет” нэгдлийн мэдэлд байдаг учраас Монголын Засгийн газар толгой мэдэж Асгатын мөнгөний ордыг мөнгөтэй, хөрөнгөтэй “нөхөр”-ийн гарт өгч чадахгүй өнөөг хүргэсэн. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг хэрэгжүүлэхэд 47.4 сая ам.доллар хэрэгтэй байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд эхний ээлжинд 198 сая ам.долларын ашиг олох тооцоог эрдэмтэн, мэргэжилтнүүд хийгээд байгаа юм.
Асгатын мөнгөний ордод хөрөнгө оруулах сонирхлоо оросууд ил далдаар илэрхийлсээр ирсэн. 2006 онд Оросын “Полиметалл” компани Асгатын мөнгөний ордыг аваад алдсан баримт бий. Тодруулбал, Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах талаар ОХУ-ын “Полиметалл” нэгдлээс 2006 онд тавьсан саналыг Засгийн газар хоорондын комисс боломжтой хэмээн үзэж “Асгат Полиметалл” компанийг үүсгэн байгуулах гэрээг 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр байгуулсан ч УИХ-аас Асгатыг тус компанид өгөхгүй хэмээн шийдвэрлэснээр уг ордыг авахыг санаархсан оросуудын шунал нэг хэсэгтээ намжсан. Дур нь дээр нь хяссан нь “Полиметалл”-ын дургуйцлыг төрүүлж, тухайн үед тэд Монголд хэзээ ч хөрөнгө оруулалт хийхгүй хэмээн гомдоллосон гэх яриа бий. Авдрандаа хийгээд алдсан Асгатын мөнгөний ордыг өөрийн болгох зорилго, сонирхол оросуудад өнөөдөр ч байсаар байгаа бололтой. Харин Төрийн өмчийн хорооны зүгээс “Монголросцветмет” нэгдлийн нэр дээр байгаа Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд авах саналыг оросуудад тавьсан ч бүтээгүй байна. Оросууд “Монголросцветмет”нэгдэл Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг өөрөө хариуцна хэмээн мэдэгджээ. Энэ нь хэрвээ Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл Монголын Засгийн газрын мэдэлд шилжвэл олон улсын нээлттэй тендерээр гадаадын компаниудын мэдэлд оччихно хэмээн болгоомжилсных бололтой.
Өнгөрсөн долоо хоногт болсон “Совет”-ийн хурлын үеэр Оросын талаас Асгатыг стратегийн ордын жагсаалтаас гаргахыг Монголын талаас хүссэн байна. Харин Монголын тал “УИХ шийднэ” гэсэн хариултыг өгсөн аж. Оросуудын зүгээс Асгатын мөнгөний ордыг “Полиметалл” компанитай хамтран ашиглах сонирхлоо монголчуудад тулгасан гэсэн мэдээлэл байна. Асгатын мөнгөний ордыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар “Совет”-ийн хурлаар хоёр тал зөвшилцөж чадаагүй учраас аль аль нь тус тусдаа хөрөнгө оруулагч олохоор тохиролцсон аж.
Оросуудын хувьд дэд бүтэцгүй, Оросын хилтэй ойрхон Асгатын мөнгөний ордыг оросууд л ашиглаж чадна гэсэн байр суурьтай байгаа нь 1986 онд П.Жасрайгийн Засгийн газар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Монголросцветмет” нэгдэлд сохор зоосны үнэгүй өгсний гор гэх хүмүүс ч байгаа юм.
Ямарч байсан энэ ордыг эдийн засгийн эргэлтэд орууллаа гэхэд боловсруулах үйлдвэр барих шаардлагатай бөгөөд уулын үйлдвэрт 4,548 мВт цахилгааны ачаалал шаардагдах тул Баян-Өлгий аймгийн төвөөс Асгат хүртэл 110 кВт-ийн 150 км урттай өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд станц барих, Ногооннуур сумаас Асгатын орд хүртэл 70 км, Асгатын ордоос Цагааннуурын дамжлага бааз хүртэл 110 км, нийт 180 км урт замыг сайжруулан засварлах, Асгатын голоос татсан усаар усан сан байгуулж усаар хангах хувилбарыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Ийнхүү нэг хэсэг “моод”-ноос гарсан Асгатын мөнгөний ордын төлөөх дажин ахин эхлэв бололтой.
Зохиогчийн эрх
"Ардын эрх"