
Ажлын хэсэг нэгэнт сонгууль явуулахтай холбоотой зохион байгуулалтын жижиг асуудлууд, түүнтэй холбоотойгоор хуулийн төсөлд орох саналуудыг нэгтгэж дууссан болохоор одоо холимог хэлбэр дотроо ямар хувилбар сонгох вэ гэдэг суудлын тооцоог хийх л үлдэж байна. Өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж амжихгүй ч байсан хуулийн төслийн хэлэлцүүлэг графикаараа явах юм бол ирэх долоо хоногоос эхлэн энэ маргаан парламент дуулиан дэгдээх болно.
Ажлын хэсгийн гишүүдийн хувьд одоогоор хувь тэнцүүлсэн болон мажоритари суудлын тоо хэд байх талаар огт яриагүй гэж байгаа ч гишүүдийн сэтгэл санааг хамгийн зовоож буй сэдэв бол энэ. Учир нь үүнээс эрхэм гишүүн гуай ирэх сонгуульд нэр дэвших эсэх, дэвшлээ гэхэд барианд орох эсэх нь шийдэгдэх юм. Үүн дээр албан ёсоор яригдаж буй нэг, албан бусаар яригдаж буй хоёр ч хувилбар бий. Эхнийх нь УИХ-ын ажлын хэсэг сонгуулийн холимог хувилбарыг анх санал болгохтой зэрэгцүүлж оруулж ирсэн 50:26. Намын нэрээр санал авах 50 суудал, том мажоритари буюу 26 тойргоос нэг нэгээр гаргаж ирэх 26 суудал. Энэ хувилбар бараг дэмжигдэхгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд МАН-ын бүлгийн гишүүдээс гаргаж буй байр сууринаас хэдийн ил болсон. Тэд хувь тэнцүүлсэн буюу намын нэрээр санал авах суудлын тоог аль болох багасгаж, мажоритари тойргийн тоог нэмэх саналтай байгаа.
Үүнийг дагаад 38:38 болон 24:52 гэсэн хоёр хувилбар гарч ирээд байгаа. Мэдээж хамгийн муу нь 24:56 буюу намын нэрээр 24, мажоритари тойргийн суудлыг 52 болгож өсгөх санал. Энэ хувилбараар сонгууль явуулна гэвэл “холимог хувилбараар сонгууль явуулсан”, эсхүл “пропорционалийн элементийг авсан” гэж ярихын ч шаардлагагүй гэдгийг өмнө нь олон хүн олон ч удаа хэлж байсан. Үндсэндээ 24:52 гэдэг нь 24 мандаттай нэг том тойрог, нэг мандаттай 52 жижиг тойрог, нийлбэр дүн нь мажоритари тогтолцоо хэвээрээ гарч байгаа юм. Ийм тохиолдолд улс төрийн намын үүрэг хариуцлага, улс орны хөгжлийн талаарх нэгдмэл бодлого энэ тэр гэж яриад ч хэрэггүй. Эргээд нөгөө жалга довоороо талцаж, төсвийнхөө орлогыг тал тал тийш нь хувааж цацаад явна л гэсэн үг.
Нөгөө талаар хувь тэнцүүлсэн суудлаар парламентад орж ирэх жижиг намууд, гуравдагч хүчин, эмэгтэйчүүдийн квот энэ тэрийн хувьд хаалга хаагдана гэсэн үг. Жижиг намуудын парламентад орох босгыг нийт сонгогчдын таван хувиар тогтоолоо гэхэд 52 суудын таван хувь, 24 суудлын таван хувь хоёр ялгаатай биз дээ. Эмэгтэйчүүдийнх ч мөн адил. Гадаадад суугаа иргэдийн сонгох эрх энэ тэр бол бүр хол сонсогдож байна.
Үүнээс гадна хамгийн хорлонтой нь яг одоо УИХ дотор пропорциональ давамгайлсан холимог хувилбар байтугай 24:52 нь ч дэмжигдэхгүй байх магадлал өндөр болчихоод байна. Сүүлийн үест УИХ дахь хоёр намын зүгээс “сонгуулийн тогтолцоог шинэчлэх” тухай намуудын бодлого, өнөөг хүртэл хүрсэн тохиролцооноос илүү хувь гишүүдийнхээ байр суурийг сонсоно, намын бодлогоор албадах бус гишүүд кнопоороо шийднэ гэсэн байр суурь цухалзаад эхэллээ. Энэ нь УИХ-ын гишүүн нэг бүр өөрт ашигтай гэсэн хувилбарын төлөө саналаа өгөх эрхтэй, түүнд нь намын бодлогоор шахалт үзүүлэхгүй гэсэн үг. Яах вэ, үр дүнг нь “Уг нь хоёр нам ингэж тохиролцсон, харамсалтай нь гишүүд өөрсдийнхөөрөө шийдчихлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, өмнөөс нь санал өгөлтэй биш” гэж тайлбарлаад л өнгөрнө биз.
Тэгвэл гишүүдийн эрх ашиг гэж юу юм бэ? Ямар ч үнээр хамаагүй дахин сонгогдох. Түүний л төлөө төсвийн хуулийг зөрчин байж тойрог руугаа тэрбум тэрбумаар нь хөрөнгө татаад, түүнийгээ “УИХ-ын гишүүн тэрний тойрогтоо хийсэн ажил” гэж жилийн жилд тархи угааж ирсэн юм чинь. Тиймээс хувь гишүүн өөрийнхөө дахин сонгогдох боломжийг харах юм бол хувь тэнцүүлсэн суудлыг аль болох багасгаж, мажоритари давамгайлсан хувилбарт саналаа өгнө гэсэн үг. Тэр ч байтугай “Ер нь одоогийнхоо хуулиар явж болохгүй гэж хэн хэлсэн юм. Томсгосон тойрог дээр ясаа цайтал үзэж байж гарч ирсэн юм чинь, энэ хувилбараараа л явах гэж үзнэ” гэж хэлэх гишүүд ч олон байна. Тэдний хувьд холимог хувилбарыг аль ч тохиолдолд татаж унагаана гэсэн үг. Үүн дээр Ардчилсан намын нэлээд мөнгөлөг хэсэг, шинэ гишүүд МАН-ын залуустай тохироо хийгээд байгаа гэсэн мессеж ч ордны хонгилоор нисч эхэллээ.
Тэд үүнийгээ “Тэртэй тэргүй намын нэрийн жагсаалтад мань мэтийг оруулахгүй, намын даргад ойр хэсэг л тэнд багтана. Тэгээд мань мэтийг аз дайрвал “торгуулийн суман” луу л илгээнэ биз. Тийм болохоор бид ч гэсэн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө кноп дарна” хэмээн өмөөрч байгаа. Товчхондоо яг одоо УИХ дотор “Би үхэх үү, чи үхэх үү? Эсвэл хоёулаа үхэх үү?” гэдэг ширүүхэн өрсөлдөөн эхэлж байна. Гэвч хэрвээ эрүүл ухаанаар бодоод үзвэл одоогийн УИХ-ын тал хувь нь ирэх сонгуулиар дахиж гарахгүй. Тийм боломж ч байхгүй. Үүнийг одоогийн УИХ, Засгийн газрын нийгмийн зүгээс хүлээж буй дэмжлэг, нэр хүнд болоод хувь улстөрчдийн рейтинг бэлээхэн хэлээд өгнө.
Тиймээс тэртэй тэргүй дахин сонгогдох магадлал бага, өнгөрсөн гурван жилд хувь улстөрчийнхөө нэр хүндийг өсгөж, нам дотроо байр сууриа тогтоож чадаагүй нөхдүүдийн хувьд “улс орны эрх ашиг юм даа” гэдэг үүднээс ядаж нэг удаа асуудалд хандаж, нийгмийн шинэчлэлд нэг саналаар ч гэсэн хувь нэмрээ оруулбал нэр цэвэр үлдэх боломж байна. Өнгөрсөн жил УИХ-аар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж баталсны дараа Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга гишүүн нэг бүрт 1520 мм-ийн царигтай төмөр замын рейс төмөр суулгасан томоос том өргөмжлөл гардуулж байв. Гэтэл сонгуулийн тогтолцоогоо шинэчилж, сонгогдогч нарын биш, сонгогчдынхоо эрх ашигт нийцүүлсэн ганц хууль гаргахын төлөө кнопоо дарсан гишүүдэд сайдын өгсөн дайны “шан харамж” ирдэггүй юм гэхэд сонгосон тойргийнхон чинь та нараар бахархах болно. Иймэрхүү үйлдлийг “нийгэмдээ үзүүлж буй зөв манлайлал” гэдэг шиг санаж байна.
Тиймээс эрхэм гишүүдэд сануулахад, энэ удаа ходоодныхоо шуналыг харин ч нэг дарж, нийгэмд шаардагдаж буй зөв зүйтэй өөрчлөлт, зөв манлайллын төлөө нэг удаа ч болов зоригоо чангалаад үзэхийг хүсье.
Б.СЭМҮҮН
"Зохиогчийн эрх" Ардын эрх