Урт нэртэй хуулийн залруулга яасан бэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Урт нэртэй хуулийн залруулга яасан бэ?

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаа­лалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох ту­хай хуулийг УИХ 2009 онд баталсан ч өнөөг хүртэл хэрэг­­жүүлэх аргаа олохгүй му­хар­­даж байгаа билээ. Дээрх хуу­лийг хэрэгжүүлэхийн тулд 1700 гаруй, тэр дундаа эхний ээлжинд 256 компани хайгуулын болон ашиглалтын лицензээ хураал­га­хад хүрч, тэдний нөхөн олговорт төрөөс дор хаяж 7-8 их наяд төгрөгийг өгөх ёстой болсон юм. Уг хуульд заасан газар нутгийн хил хязгаарыг нарийвчлан тог­тоож өгөөгүйгээс компаниуд хоморго­лолд өртөх нь тодорхой болоод бай­гаа юм.

Хуулийг хэрэгжүүлэх шийдэл ололгүй хоёр жил шахам дарсны эцэст лицензээ хураалгах ба ху­раах, хоёр талдаа зөвшөөрөгдөх альтернатив хувилбарыг олохоор УИХ-ын нэр бүхий гишүүд ажил­лаж, нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ хаврын чуул­ганд өргөн барьсан юм. Гэвч урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ хаврын чуулганаар бас л хэлэлцэж амжихааргүй болжээ. Учир нь уг хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдэлгүйгээр шууд л хэлэлцэх асуудлын дараалал ухраа­сан байна. Ийнхүү асуудал удаашрахын хэрээр уул уурхайн компаниуд хүлээлтэд орж, үйл ажиллагааны хамгийн таатай улир­лаа үр ашиггүй өнгөрөөхөд хүрлээ.

Аливаа бизнест цаг хугацаа хамгийн чухал хүчин зүйл байдаг. Мөн Монголд ихэнх үйлдвэрлэл банкны хүү өндөр, хугацаа богино зээл дээр тогтнодог. Уул уурхайн үйлдвэрлэлийн хамгийн үр ашиг­тай улирал хэдийнэ эхэлчихээд байхад урт нэртэй дээрх хуулиас болоод эрх ашиг нь хөндөгдсөн компаниуд хамаг эргэлтээ түг­жүүл­чихээд банкны өр, зээлэнд идэгдэх аюулд тулж ирээд байна. Уг нь төр иргэнийхээ хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хамгаалах үүрэгтэй. Байгаль орчны тэнцвэр, экологийн аюулгүй байдлыг хан­гах ч үүрэгтэй. Гэхдээ аль нэг үүргээ гүйцэтгэхийн тулд нөгөө үүргээ хөсөрдүүлж болохгүй нь ойлгомжтой. Яг ийм ацан шалаанд ороод байгаа УИХ, Засгийн газар энэ хүнд байдлаасаа гарахын тулд юун түрүүн өөрөө чармайлт гаргах ёстой баймаар. Гэтэл урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг шалавлахын оронд хойш татаад байгаа нь ямар учиртай юм бол доо?

Нэгэн баримт хэлэхэд, 2009 оны байдлаар уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэм­жээ 471 сая ам.долларт хүрч, хоёр их наяд 103 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортолжээ. Эдийн засагт үзүүлж буй үр ашгийг нь ч тооцож үзсэн уул уурхайнхны бизнест тавьсан хавхаа парламент яаралтай эргэн харах учиртай сан.

Ой, усны нөөц багатай, түү­ний­гээ хулгай, түймэр, цөлжилтөд алдаад дуусч буй Монголд ой мод, ус мөрнөө хамгаалах нь мэ­дээж тулгамдсан асуудал. Үүнийг бодлогынхоо цөмд тавьж, шийдвэрлэх нь ч эх оронч үйл хэрэг. Гэхдээ “Эх орон” гэдэг ойлголтод нь “хүн” багтдаггүй, зөвхөн газар шороо л байдаг нь харамсалтай. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх явцад лицензээ хураалгах хоёр зуу гаруй компанийн ард 40 мянга орчим хүний ажил, амьдрал багтаж байгааг эрхэм гишүүд мэдэж байгаа болов уу. Тэр тусмаа цалинг нь цагт нь тавихгүй хоцрооход л маргааш хүүхдүүд нь хог түүгээд эхэлж мэдэхээр тийм эмзэг давхрагынхан уул уурхайг бараадан амьдарч бай­гаа бодит нөхцөлийг ойлгох ёстой.Өнөөдрийн нөхцөл байдал­даа уялд­сан аль аль талдаа хохирол бага дагуулах хуулийг л цаг үе шаардаж байна. Том улс төр ярих, хэлэлцэх завсраа иргэдэд чирэгдэл учруулж, өдөр тутмын амьдралд нь нөлөөлж байгаа урхаг ихтэй урт нэртэй хуулиа шалавхан хэлэл­цэхийг гишүүдээс шаардах гэсэн юм аа. Хүнд сурталгүй, иргэд, бизнесийнхэндээ дарамтгүй төр зас­гийн төлөө “За” гэж хэлцгээе.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж