Ж.Батзандан, О.Магнай хоёр зовлон үзээгүй хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан, О.Магнай хоёр зовлон үзээгүй хүүхдүүд

“Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслантай ярилцлаа.

-Та Америкт эмчлүүлж байгаад ирсэн гэв үү. Юу нь өвдөө вэ?

-Америкт эмчлүүлсэн гээгүй шүү дээ /инээгээд/. Америкт үйлдвэрлэсэн өндөр үнэтэй эм ууж байна аа гэсэн юм.

-Уучлаарай, би буруу ойлгожээ. Хавраас эхлээд баахан иргэний хөдөл­гөө­нүүд нэгдэж, гэр барьж байгаад тухтайхан жагсаал хийлээ. Танайхан харагдаагүй. Бие тааруу байгаад тэр үү, эсвэл тэднийг дэмжээгүй юм уу?

-Их хуралдайнхан ч гэх үү, “Онги гол” хөдөлгөөн ч юм уу. Тэдний ярьсан асуудал нь бүгд л үнэн, зөв байсан. Ганцхан зүйлд л бид санал нэгдээгүй.

-Юу вэ тэр нь?

-Хэн нэгний захиалгаар жагсаал хийвэл бид оролцохгүй. Тэдний ард захиалагч байсан. Бүгдээрээ л захиал­гаар жагсаал хийсэн. “Гал үндэстэн” ч, “Онги гол” нь ч, Их хуралдай нь ч тэр. Бүгд захиалгатай. Гэхдээ тэр дунд учрыг нь мэдэлгүй оролцсон шударга олон хүн бий. Тэд нарийн учрыг нь мэдэхгүй. Монголын улс төрд юу болдгийг мэдэхгүй болохоор тэр л дээ. Тийм болохоор л байгалиа, Онги голоо хамгаалах хэрэгтэй гээд зүрх сэтгэлээрээ явж байгаа. Тэдэнд буруу өгөх аргагүй. Хэн үүнийг захиалчихав гэдгийг мэдээгүй учраас л тэр хүмүүс оролцсон. Бид бол цаад учрыг нь мэдэх болохоор оролцоогүй. Захиалгатай юм хийхгүй.

-Хэн захиалсан юм бэ. Жишээ нь, тан­тай хэн уулзаж, юу захиалсан байх уу?

-Тийм л дүгнэлт гарч байна. Улс төрийн ямарваа нэг үйл ажиллагааг баримт үлдээж хийхгүй шүү дээ. Бид захиалга өгсөн гэж хэн ч хэлэхгүй. Гэхдээ “Их хуралдай” гээч Н.Энхбаярын талынх гэдгийг бүгд мэднэ. Манайхан “Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр байхгүй” гэдэг Черчилийн үгийг давтах дуртай. Энэ үгийг би хувьдаа эсэргүүцдэг. Шударга, шударга бус гэж л бий биз дээ. Өчигдрийн бусармаг нөхөр маргааш шударга хүн болж болох уу. Би хувьдаа үнэмшихгүй байна. За яах вэ, улс төрд тэгж болдог юм гэхэд нэг зүйлийг анхаарах ёстой. “Их хуралдай”-г хийх гэж байгаа бол Н.Энхбаяр эхлээд уучлалт гуйх ёстой.

-Юу гэж?

-“Би сүүлийн хориод жилд төрийн өндөрлөгт байхдаа ийм, ийм зүйлд алдаа гаргасан байна. Үүний­гээ хүлээн зөвшөөрлөө. Үүнийг ойлгосон учраас гудамжны хөдөл­гөөнүүдтэй нэгдэн тэмцэхэд бэлэн байна” гэвэл би түүнийг цээжээрээ хам­гаалаад тэмцэнэ гэдгээ өмнө нь ч хэлж байсан.

-МАХН-ын их хурал дээр хэл­мэг­дүүлэлт, долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдуулан ууч­лалт гуйсан байх аа?

-Долдугаар сарын 1-нд болсон асуудал одоог хүртэл шийдэгдээгүй. Албан ёсны хариу гараагүй. МАХН буруутай юу, эсвэл өөр хүчин байсан уу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэр өдөр хэн нэгэн дарангуйлагч болох сонирхолтой нөхөр иргэдийг нам дарсан юм уу. Эсвэл хорлон сүйтгэх ажил байсан уу. Мэдэхгүй юм. Шалгах хэрэгтэй. Би гудамжны хүн учраас тэрийг мэдэхгүй. Шалгах ёстой хүмүүс нь шалгаад эцсийн дүнг хэлэх хэрэгтэй. Цагдаа бол нохойд барьдаг мод биш. Үүрэг даалгавар биелүүлсэн бол ялаас чөлөөлөгдөх ёстой. Харин хэн үүрэг өгсөн бэ гэдгээ хэлэх хэрэгтэй. Хэлэхгүй байна. Харамсалтай нь Монголд хэн эрх мэдэлтэй нь түүний­гээ ашиглаад бусдыг шоронд хий­дэг болчихлоо. Сайхан шударга Ерөн­хийлөгчтэй болчихоор бүх юм гоё болчихно гэх юм. Тэгэж бо­дохгүй байна. Яахаараа шударга хүн юм бол шударга бус хүмүүсээр хү­рээлүүлэв ээ.

Д.Баттулга гэдэг хүнийг Тамгын газ­рынхаа дарга болгочихлоо. Тэр нөхрийг би сайн мэднэ. Яах вэ, Мон­голд гай тариагүй байх. Казино бай­гуулах гээд Макоагийн нөхдөөс мөн­гө аваад шоронд суусан шүү дээ. Хүнээс хахууль авах дуртай бай­на аа гэдэг нь харагдсан, ба­ригд­сан хүнийг л ийм албан тушаалд то­мил­чихлоо. Д.Дорлигжав шударга хүн шиг харагдаж магадгүй. Үнэн­дээ Ц.Элбэгдоржийн таалалд ний­цээ­гүй нөхдүүдийг л бариад шо­рон хийгээд, тэгээд сайн хүн бол­ж харагдаад байна. Энэ нөхөр “Эрдэнэт”-ийн дарга байхдаа бас л мөнгө идсэн. Ганцхан жи­шээ хэлэхэд, Шарга морьтод Д.Дорлигжавын долоон байшин бий. “Эрдэнэт”-ийн даргаас буугаад л ийм байшингууд бариулсан шүү дээ. Ч.Сангарагчаагийн талаар аймаар юм яригдсан биз.

-Тэрбумаар нь шамшиг­дуул­сан, эсвэл загасны дэгээ ажил­лаг­саддаа авч өгсөн гэдгийг хэлээд байна уу? 

-Тэгээд байсан. Харин шоронд хийх болохоороо хөгийн юмаар хийсэн шүү дээ. Тийм л юм бол тэр яриад байсан хэргээр нь хийхгүй яасан юм. Энэ мэтээр төрийн албан хааг­чийг шоронд хийе гэвэл өчүүхэн өөгөөр хийчихэж болно. Надад ганц лан­гуу байхгүй болохоор би айлгүй хэлж чадаж байгаа юм. Энэ тэгээд шудар­га байна уу. Энэ хэвээрээ л үргэлжлэх байх л даа.

-Казиногийн хэрэгт Ардчил­сан намаас гадна хуучин МАХН-ын нөхдүүд ч байсан биз дээ?

-Яагаад ганцхан Ардчилсан намын гурвыг яриад байгаа юм гэж үү. Ардчилсан нам олхиогүйдээ хоо­рондоо хөлөө жийлцэж бай­гаад хувьсгалт намд энэ гурваа идүүл­чихсэн байхгүй юу. Ардчилсан на­мын гурав л шоронд яваад бусад нь үлд­сэн. Үнэндээ МАХН-ынхан ч тэ­­рийг батлуулах гээд л гүйсэн шүү дээ.

-Саяын Сүхбаатарын талбайд гэр барьсан жагсаал дээр зохион бай­гуулсан хүмүүс нь ер нь л ха­рагдсангүй. Уул, ус, байгалаа хам­гаалъя гээд хаа холоос морьтой нөх­дүүд шогшуулаад ирсэн. Тэг­сэн уриалан дуудаад байсан нөх­дүүд нь байдаггүй ээ. Сүүлдээ ар­гаа бараад морио өлсөөд үх­чи­хээгүй дээр нь буцлаа шүү дээ?

-Анхнаасаа худлаа гэдэг нь тэр л дээ. “Шударга иргэдийн фронт” жагсаал хийлээ гэхэд би адилхан л тэндээ хоноод явдаг байлаа. Бид мөнгөөр жагсаал хийгээгүй боло­хоор тэр. Тэр нөхдүүд мөнгө авч, за­хиалгаар жагсаал хийсэн нь хү­мүүсийг ийм байдалд хүргэлээ.

Ер нь сүүлийн зургаан жилд иргэ­ний хөдөлгөөнүүд жагсаал, цуг­лаан хийж явлаа. Үүний үр дүнд Монгол ардчилал гээч зүйл рүү жаахан ч атугай алхсан. Эрх ба­ригчдыг шүүмжилж сурч байна. Өн­дөр албан тушаалаас унасан нөх­дүүд нь өөрөө тийм байгаагүй юм шиг эргээд нөгөөдүүлээ шүүм­жилж байна. Хариугаа авах гэж. Одоо тодорхой хугацаанд иргэ­ний хөдөлгөөн гээч уналтад орж магадгүй. Мөнгөтэй нөхдүүд ир­гэдийг хуурч дөнгөөд байна. Эрх мэ­дэлтэй нөхдүүд бүх сонин, ра­дио, телевизээр бидний эсрэг ярьж, бичдэг. Харин бидний хэлс­нийг телевизээр гаргадаггүй. Ин­­гэ­­­хээр иргэд юу гэж боддог вэ гэ­хээр хөдөлгөөн гэдэг чинь ийм явц­гүй, худал, хуурмаг юм байна гээд итгэхээ болиод эхэлнэ л дээ. Үүнд ч буруу өгөх хэрэггүй л дээ. 2005 оны гуравдугаар сард “Эрүүл ний­гэм-Иргэний хөдөлгөөн” гээд жагс­саны дараа “Эрс шинэчлэл” гээд ар араасаа гарч ирсэн. Гэхдээ ха­рамсалтай нь өнөөдөр ихэнх хө­дөл­гөөн ардаа эзэнтэй болчихлоо.

-Эрүүл хөдөлгөөн гэж байна уу, тэгээд?

-Эрүүл нийгэм-Иргэний хө­дөл­гөөн” байхгүй болсон. “Эрс шинэч­лэл” алга. “Соёмбо” хөдөлгөөн байх­гүй болсон. Эд бүгдээрээ цаа­наа эзэнтэй юм билээ.

-Хөдөлгөөн байгуулах, эсвэл жаг­саал хийхэд ямар үнэтэй бай­даг юм бэ?

-Жагсаалыг нь хараад бодоод үз л дээ. “Эрс шинэчлэл” хөдөлгөөн гэ­хэд маш олон далбаатай байдаг. Дал­баа болгоны цаана мөнгө бий шүү дээ. “Шударга иргэдийн фронт” тавхан л далбаатай. Цөөхөн шүү дээ. Эндээс л харах хэрэгтэй. Хэн нь захиалга аваад мөнгөөр зо­дож жагсаал хийгээд байгаа нь ха­раг­дана шүү дээ. Бидэнд тийм их мөн­гө байхгүй л дээ. Тэглээ гээд хэн нэгнээс мөнгө авч, түүнийхээ ха­лаасанд орох ёсгүй. Тийм болохоор энэ аргыг зөвшөөрөхгүй.

-Жагсаалд зарцуулах мөнгийг яриа­гүй юм аа. Захиалгаар жаг­саал хийвэл хэр их мөнгө авдаг бол гэж… Жагсаал хийж байсан хү­мүүс бүгдээрээ давгүй өндөр ту­шаалд очоод заларчихлаа, таниас бу­сад нь. С.Ганбаатар, О.Магнай, Ж.Батзандан гээд л?

-“Эрс шинэчлэл” хөдөлгөөн бай­­гуулагдсаны дараа бид хамт­даа багагүй хугацаанд явсан. Тэн­дээс юу мэдэрсэн бэ гэхээр Н.Энхбаярын хөдөлгөөн юм бай­на гэдгийг олж харсан. Тийм гэд­гийг ч батлаад С.Ганбаатарыг Н.Энхбаяр Монголын Үйлдвэрчний эв­лэ­лүүдийн холбооны тэргүүн бол­госон. Гэхдээ С.Ганбаатар хэдийгээр Н.Энхбаярын хүн байсан ч гэлээ УИХ-ын 76 гишүүнтэй адилхан хор хо­хирол Монгол Улсад учруулаагүй. Үйлдвэрчний эвлэлийн холбоог то­дорхой хэмжээгээр аваад явж чадаж байна.

-Бусад нь тэгвэл хэний хүн юм, жишээ нь М.Ичинноров. МАН-д орсон болохоор С.Баярын таг­нуул уу?

-М.Ичинноровыг анхнаасаа ху­вьс­галт намын тагнуул байсан гэж хэлж чадахгүй. Хувьсгалт намд ор­сон нь аргаа барсандаа тэр байх л даа. 2005-2008 он хүртэл гурван жи­лийн хугацаанд гудамжинд тэмцээд ажил нь бүтэхээ болиод, шантраад ху­вьсгалт намыг дагасан бол буруу гэж хэлж чадахгүй. МАХН ч бай, МАН нь ч бай “Монголыг сөнөөе” гэ­сэн лоозонгүй биз дээ. Тэр хүний л асуудал.

-Ж.Батзандан, О.Магнай хоёр­­­­ыг юу гэх вэ?

-Аль аль нь цэрэгт явж үзээгүй, амьд­ралын зовлон ч үзээгүй хүүх­дүүд. Хэвлэлийн мундаг том одууд явж байгаад УИХ-ын гишүүн Д.Энхбатын турхиралтаар долдугаар са­рын 1-ний үймээнд оролцсон. Үр дүнд нь шоронд орсон. Д.Энхбат бол ийм юм болно гэдгийг маш сайн мэдэж байсан. Тийм болохоор өөрөө зугтчихсан хүн шүү дээ. Түүнд хуурт­сан жаахан хүүхдүүд цаазын ял сонсоод айсан байх л даа. Тухайн үед Ардчилсан намаас хүмүүс очоод “Манай намыг дагавал яаж, ийж бай­гаад суллуулна” гэж хэлсэн байж бол­но. Тэгэхээр нь намд орчихсон бол буруутгах аргагүй. Гэхдээ энэ дол­дугаар сарын 1-ний хэргийг нэ­гэнт хаачихсан, өршөөчихсөн то­хиол­долд тэр намаас гарч болох бай­­сан. Гэтэл гарахгүй байна. Бүр Ард­чилсан намын ҮЗХ-нд ор­чих­лоо.

-Яагаад тийшээ орж болохгүй гэж?

-Ардчилсан намын ҮЗХ-д ямар хүн орох вэ гэхээр тодорхой бүлэг­лэлийн эрх ашигт нийцээд, таа­лагд­­сан, эсвэл гар хөл нь болсон хүн ордог. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг оруулаагүй биз дээ. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин ги­шүүн 2012 онд Ардчилсан на­маас нэр дэвших боломжгүй бол­­сон. Нөгөөтэйгүүр О.Магнай, Ж.Батзандан Ардчилсан нам до­­торх илтгэх урлаг сайн эзэмшсэн, чад­­вартай цөөхөн хүмүүсийн нэг нь. Ц.Элбэгдоржоос ч сайн ярьж чадна. Тийм болохоор энэ нөхдүүдийг ал­дах­гүйн тулд Ж.Батзанданг са­рын 12 мянган ам.долларын цалин­тай Тавантолгойн ТУЗ-д оруул­чихлаа шүү дээ. Хүмүүсийн ярьж бай­­гаагаар “Модерн номадс”-аас хам­­гаалагчтай гарч ирээд шинэ “lexus” жийп унаад яваад өгсөн гэнэ лээ. Өөрөө хараагүй болохоор мэдэхгүй юм. Гэхдээ тийм зүйл рүү би тэ­­мүүлээгүй болохоор амаа үдүүлэх нь утгагүй байна л даа.

-О.Магнай харин даруухан байна уу?

-Египетээс ярилцлага хийж байна лээ. Ямар ч их мөнгөтэй бол­чихсон юм. Гайхсан. Саяхан нэг уулзсан чинь сая саяын үнэтэй мун­­даг утаснууд бариад л явж байна лээ. Мөнгө барьж үзээгүй хүүхдэд та­­ван төгрөгийн бараа харуулахаар өөр болдог юм. Улс төрийн хүрээ­­­нийхнийн дунд “О.Магнайд Эрдэнэ­­тийн төмөр шайрикны бизнесийг өг­сөн” гэж ярьдаг. Энэ мэтээр хүний амыг барьж болно л доо. Гэхдээ үнэн эсэхийг нь мэдэхгүй юм. На­майг бол чадахгүй л дээ. Тэгж ч амаа бариулахгүй. Мөнгө барьж ч, зарцуулж ч үзсэн хүн болохоор тэр. Ер нь иргэний хөдөлгөөний нөх­­дүүдээс би хамгийн ахмад нь. Миний эзэмшсэн боловсрол, төр­­сөн гэр, хүмүүжсэн хүмүүжил ч өөр. Тийм болохоор ганц л зорил­­­готой. Монголынхоо төлөө гэсэн. Та­­ван жилийн өмнө Г.Арслан ярьж байс­­ныгаа л одоо ярьж бай­­­на. Өөрч­­­лөгдөөгүй. Иргэний хөдөл­­­гөө­­нүүдээс Ногоон намын О.Бум-Ялагч бид хоёрын ард л хэн ч байх­­­гүй. Бор зүрхээрээ явж байна. Бус­­­дынх нь ард дандаа улстөрчид бий.

-Та хоёрыг тоохгүй байна уу. Яагаад захиалагчтай болохгүй байна аа?

-О.Бум-Ялагчыг яасныг мэдэх­­­гүй. Гэхдээ мөнгө аваад чимээгүй болох хүн биш. Миний хувьд газ­­рын, агентлагийн дарга бол гэсэн ч хэл­­сэн үг, хаясан шүлсээ буцаад зал­­­гиж чадахгүй хүн шүү дээ.

-Танд тийм санал ирж байв уу?

-Байлгүй яах вэ. Аль аль намаас нь ирсэн. 

-Санал тавихдаа юу гэж хэлэх үү?

-Шууд намын дарга нь уулзаад “Тийм газрын дарга болгоё” гэж хэлэх­­гүй л дээ. Хүн уулзуулна, ийм бо­­ломж байна гэдгийг яриандаа хавчуулна. Янз бүрийн юм байна шүү дээ. Зөвхөн эрх барьж буй хоёр намаас ч биш гурван ч нам намайг дэд даргаа болооч гэж хүссэн.

-Тэр нь Ногоон нам уу, ИЗН юм уу?

-Үгүй, үгүй. Гурван нам л гэж хэллээ /инээв/.

-Монголд “Гурван нам” гэж нам байхгүй л дээ?

-2008 онд хэлж байсан даа. Бүгд найрамдах нам, Ард түмний нам намайг “Намын дэд дарга болооч” гэж хүсч л байсан. Одоо ч бас санал тавьсан хоёрын зэрэг нам байгаа л даа. Гэхдээ би дарга болохын төлөө яваагүй.

-Эрх мэдэлтэй болохын төлөө л тэмцээд байгаа юм биш үү. Арай аятайхнаар хэлбэл өөрчлөхийн төлөө?

-Эрх мэдэлгүй бол өөрчлөх боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Үүнийг бүгд л мэднэ. Бүх зүйл болохгүй болчихлоо. Бүгд хуурмаг болжээ гэдгийг хэлж байна. Олон сэтгүүлчтэй уулзлаа. Бүгд л үнэнийг бичихээр хасаад байна гэдгийг хэлдэг. Энэ байдал удаан үргэлжилбэл Монголыг хэдхэн хүн л атгана. Тийм байдал удаан үргэлжилбэл иргэд тэсэрнэ л дээ. Тэр үед юу болох вэ гэхээр долдугаар сарын 1-нд МАХН-ын байрыг шатаасан шиг эмх замбараагүй байдал бий болно. Алан хядлага ч гарна. Бид бол түүний эсрэг байгаа. Төрөөс төрсөн тэрбумтныг өнгөрсөн жилүүдэд бизнес хийж мөнгө олсон хүмүүсээс өөрөөр харна. Төрөөс төрөөгүй Х.Баттулга, Лу.Болд, Ш.Сайхансамбуу нар бол УИХ-д сонгогдоод иргэдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь идсэн цагаан захтан  биш. Үүнийг ялгах л хэрэгтэй. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилбэл олигархууд гээд байгаа улс төрд орчихсон бизнесмэнүүд яалт ч үгүй хөрөнгийн төвлөрөл, монополийг бий болгоод эхэлнэ. ТҮЦ, жижиг дэлгүүр тэдэнтэй өрсөлдөх боломжгүй болж шахагдана. 

-Ийм байдал эхнээсээ бүрэлдсэн байх аа. Сая тэмдэгтийн хураамжийг нэмж  жижиг аж ахуйн нэгжийг шахсан шүү дээ?

-Гарцаагүй ийм байдлаар үзээд эхэлнэ л дээ. Ийм болохоор Америкт монополийн эсрэг хууль гэж хийсэн. Энэ хуулиар Microsoft-ыг гэхэд л хүчээр хоёр хуваасан. Тэр нөхөр дэндээд, дэлхийг атгах болоод ирэхээр нь авсан арга хэмжээ нь тэр. Хүний орлого тогтоод дээд цэгтээ хүрээд ирэхээр орлогоо нэмэгдүүлэхийн тулд монополь байдлыг бий болгоно. Энэ бол зах зээлийн зайлшгүй жам. Ийм болохоор л тийм хууль байх ёстой. Бид Америк л гэх юм. Үнэндээ хэзээ ч урд, хойд хөршөөсөө зугтаж чадахгүй. Тийм болохоор  АНУ-аас илүүтэй энэ хоёр том гүрний улс төр, эдийн засаг, нийгмийн байдал ямар байхаас Монгол шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, Орост авторитар, Хятадад татолитар нийгэм байхад Монголд америк маягийн ардчилал хөгжинө гэдэг бүтэхгүй. Бүтэхгүй гэдэг нь сүүлийн хорин жилд харагдлаа. Баг өмссөн л ардчилалтай байлаа. Тиймээс бид хамгийн гол зорилгоо энэ хоёр том гүрний дундаас яаж амьд үлдэх вэ гэдгийг л болгох ёстой. Мэдээж ард түмэн сайхан амьдралтай байх нь чухал. Харамсалтай нь Монгол үгүй болоод байна. Тийм гэдгийг ганц би ч биш, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайгаас эхлээд олон хүн олж хараад хэлсэн. Эрхтэн, дархтанууд газар шороогоо гадаадынханд зараад эхэлчихлээ. Ингэж хэлэхээр хүмүүс “Солиорч байна. Монгол Улс өөрийн армитай” гэдэг. XXI зуунд Хятад Монголыг танкаар буудаад эзлэхгүй л дээ. Эдийн засгийг нь л эзэлчихнэ.

-Ер нь хараат болчихсон юм биш үү?

-Эхнээсээ эзэлж байна.

-Иргэдийн дунд намыг дэмжих үзэл бараг үгүй болж байна. Иргэний хөдөлгөөнийхнийг ч төдийлөн дэмжихээ болилоо. Янз бүрийн судалгааг харж байхад нийгэмд үл итгэгчдийн эзлэх жин давамгайлж эхэлсэн байгаа. Жагсаал хийлээ гэхэд өөрсдийг нь залхтал суулгаж байгаад тарааж чадаж байна. Сүүлдээ жил бүрийн хавар хонхны баяр болдог шиг л хүлээж авдаг болж?      

-Судалгааны төвүүд бол бүгд ардаа эзэнтэй. “Сант марал”-ыг бол арай тулхтай, нуруутай гэдэг. Гэхдээ тэдний судалгаа 100 хувь үнэн биш. Ард түмний дунд үл итгэх байдал газар авсан нь үнэн. Улс төр, эдийн засгийн эрх мэдлийг барьж буй нөхдүүд дийлдэшгүй байгаа нь үнэн. Тэд хаашаа ч хөдлөхгүй баримтыг няцааж чадаж байна. Үнэн зүйлийг иргэдэд худлаа болгоод харуулчихна. Тэдэнд бүх эрх мэдэл байна. Цагдаа, шүүх, прокурор, хэвлэл мэдээлэл тэдний гарт байна. Тийм болохоор тэгэх нь аргагүй шүү дээ. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Ухаантайдаа би тэгж хэлээд байгаа юм биш. Түүх харуулаад байна. Үүнийг дунд давхаргаас эхлээд бүгд мэддэг. Дуугарахаас л айдаг. Яагаад гэхээр цор цор хийвэл ТҮЦ ажиллуулж амь зогоодгийнх нь ТҮЦ-ийг хаадаг, төрийн албан хаагчийг ажлаас нь халчихдаг болохоор тэр.

-Тэгээд хэн дуугарч байна. Мөнгөтэй хүмүүс захиалга өгч дуугаргаад байна уу?

-Хэн дуугарч байна вэ гэхээр над мэтийн ажилгүй хүмүүс л дуугарч байна. Алдах юмгүй гэсэн үг л дээ. Улсад би татвар төлдөггүй ч авч буй талхандаа НӨАТ төлдөг. Гэхдээ буруу дуугарвал, хүн гүтгэвэл намайг бариад шоронд хийчихнэ. Тэрийгээ мэднэ л дээ. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилбэл маш эвгүй юм болно. Тэр хэнд хортой вэ гэвэл ард түмэнд хортой. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээр дээр гарчихсан луйварчид гадагшаа зугтаад явчихна. Бидний ийм тогтворгүй байдлыг хойд, урд хөршийнхөн бол хүсэхгүй байх. Харин америк бол хүсч болно. Америк тийм хүчирхэг мөртлөө яагаад Африкийн жижиг орнуудыг зохицуулж чадахгүй байна. Хүсээгүй л байхгүй юу. Эмх замбараагүй байлгах нь тэдэнд ашигтай. Ирак гээд бэлэн жишээ байна. Монгол ч газрын доорх баялгаараа дэлхийд дээгүүрт орчихлоо. Монгол шударга төртэй байвал тэд биднээс хямд үнээр баялаг авч чадахгүй. Тийм болохоор шударга төргүй байлгаж, баялгийг нь хямдаар авдаг. Д.Зоригт сайдаас асуусан байсан, “Яагаад монголчууд хятад руу нүүрсээ хямдхан гаргасан хэрнээ тэрнээсээ өндөр үнээр ард түмэндээ өгөөд байна” гэж. Тэгсэн “Ард түмэнд зарж буй нүүрсийг бага хэмжээгээр олборлосон болохоор үнэтэй зардаг” гэж хариулна лээ. Зах зээлийн жамаар бол үнэн л дээ. Гэхдээ төр гэж бий биз дээ. Монголчууддаа нүүрсээ үнэтэй, хятадуудад хямд зардаг төрийг Монголынх гэх үү, Хятадын төр гэх үү. Хятадын төр болчихоод байгаа биз дээ. Үүнийг УИХ-ын 76 гишүүн хараад хэлэх ёстой. Гэтэл үүний эсрэг юу ч хийхгүй байна шүү дээ. Иргэдийн амьдрал дорой болохоор үүний эсрэг тэмцэхгүй л дээ. Өдөржин ажил хийж хоолоо олж идээд ядарсандаа унтдаг. Тэр хүн телевиз энэ тэрийг үзэх сөхөө байхгүй. Харин мэдлэг боловсролтой, ажилтай, чөлөөт цагтай байвал өөр л дөө. Ходоод нь хоосон хүн дүгнэлт хийж чадваргүй гэсэн үг. Эрх баригчид ийм байлгах сонирхолтой. Гэхдээ бүр өлсгөөд үхүүлчихгүй. Тэгвэл хувьсгал гарна. Арай үхэхээс нь өмнө жаахан шавхруу шидчихээд л байвал иргэд мал шиг, боол шиг байна. Ийм л бодолтой. Гэхдээ ийм бодолтой нийгэм удаан тогтдоггүй. Тэсэрнэ.

-Анх Ард түмний их хуралдай 2009 онд болсон. Д.Батцогт, Г.Уянга нар тэргүүлээд л… Та ч дэм­жиж байсан. Тэд ер нь захиалга гүйцэт­гэгчид үү, эсвэл?

-Түрүүн хэлсэн шүү дээ. Ард нь Н.Энхбаяр байгаа. Яах вэ, найзалж болно л доо. Түүний заавраар Их хуралдайг хийсэн. Гэхдээ Г.Арслан бол захиалгаар, мөнгөний төлөө тийм юм хийхгүй.

-Захиалгат жагсаал хэр ханш­тай байдаг юм бэ. Хоолны мөн­­гөөр л хийдэггүй байх л даа. Ер нь л иргэний хөдөлгөөнийхөн хөл­­­жөөд байгаа нь нууц биш. Том том жийп, байр аваад л байх юм. Овоо үнэтэй биз?

-О.Бум-Ялагч бид хоёрт хө­­рөнгөжсөн зүйл байхгүй. Харин ч муудсан.

-Та жишээ нь хаана амьдарч байна?

-Байсандаа л байгаа. Бид хоёроос бусад нь бүгд шинэ байртай болсон. Машинаа сольсон. Миний хувьд 2005 онд “toyoto vista”-тай байсан бол одоо “toyoto corso”-той болгож жижигрүүлсэн. Харин нөгөөдүүл маань машинтай нь томруулаад, машингүй нь шинээр аваад, гадаадаас тавилга хүртэл авчирсан гээд л хэвлэлээр гарсан биз дээ. Өөрсдөөс нь асуувал илүү сайн мэднэ л дээ.

-Нөгөөдүүл мөнгө аваад баяжаад байгаа. Би захиалгаар жагсаал хийж мөнгө авдаггүй гээд байхаар чинь л асуусан юм?

-Нүдэн дээр харагдаад байгаа биз. Сонин хэвлэлээр бичээд л байгаа шүү дээ.

-Та яаж авсныг нь мэдэхгүй байх л даа?

-Жийп унаад явж байгаа хүнийг юу гэх вэ. Хүнээс түрээсээр авсан гэх үү. Эсвэл лизингээр авсан юм уу. Ямар ч байсан жийп унаад л явж байна. Би мэдэхгүй л дээ. Хүмүүс хэлдэг. “Яах вэ дээ, Арслан чи авч чадаагүйдээ хорсоод байгаа юм уу” гэж. Шарлахаагүй л дээ. Гэхдээ улсын хөрөнгийг тэрбум тэрбумаар нь идээд байгаа хүмүүсийн хажууд тэдний тэр юу ч биш л дээ. Миний хувьд бол шударга л байя гэж боддог.

-Уг нь хоёулаа л ялгаагүй хулгайч юм биш үү. Монголд бага хулгайчийг л хулгайч гэдэг болсон гэсэн утгаараа тэр үү?

-Харин тийм. Халаасны хулгай­чийг хулгай хийсэн гээд шоронд хийчихдэг. Томчуудыг нь чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг л болчихсон. Хүн болгон л мэдэрч байгаа. Зарим нь аргаа бараад “Очоод буудчихъя” гэдэг. Бухимдсан ч хүн бий л байх. Намайг юу гэхийг сонсох гэж тэгж хэлдэг тагнуулч ч байдаг байлгүй. Хатууг хатуугаар биш зөөлнөөр дийлдэг юм. Хүн буудаж байснаас амаа скочдоод талбай дээр зогсч байсан нь дээр.

-Жагсаал хийх хугацаандаа хэр зодуулж байсан бэ?

-Зодуулах нь ч хаашаа юм бэ дээ. Нэг удаа нийслэлийн тэг цэг дээр гэр барьсан жагсаал болоход цагдаа нарт хавиргаа хуга цохиулсан. Тэр бол бодлоготойгоор тэгж зодсон л доо. Цагдаа нарыг би доромжлоод байдаггүй юм шүү дээ. Миний найз, хүү шиг л хүмүүс. Хувь хүн талаас нь тэдэнтэй уулзахад “Чиний хийж байгаа зүйл зөв” гэж л хэлдэг. “Буруу” гэдэг хүн байхгүй. Тэд тушаал л биелүүлдэг. Тийм ч учраас долдугаар сарын 1-ний дараа цагдаа нарыг бариад хорих гэж байхад бүх иргэний хөдөлгөөнөөс би ганцаархнаа өмөөрч очсон.  

Үүгээр Г.Арслантай яриа­гаа дуусгав. Хэрэв шаардлага гарвал жагсахад бэлэн гэдгээ тэр хэлж байсан. Хэрэв түүний хэлс­нээр бусад нь захиалгаар жаг­саал хийдэг болсон бол жин­­­хэнийг нь хуурамчаас нь ялгахад бэрх болжээ. Тэр 2012 онд УИХ-д нэр дэвшиж, морь тэргээ унаад, цагаан хоолойгоо бариад сурталчилгаагаа хийх гэнэ. Харин ард сонгогчид түүнд “томилолт” өгөх эсэхийг тухайн үед нь шийдэх буй за.  

Л.Нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж